logo
“Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулна

“Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулна

2013/01/19
Монгол Улсын Засгийн газраас “Засгийн газрын тусгай сан”-гийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Олон Улсын хамтын ажиллагааны сан” байгуулах тухай хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр /2013.01.18/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

   Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд бусадтай идэвхитэй хамтран ажиллах, үйл ажиллагааг нь дэмжих, оролцох, өөрийн байр сууриа бэхжүүлэхэд санхүүгийн тодорхой эх үүсвэртэй байх шаардлага бий болж байна. Ийм эх үүсвэрийг “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулах замаар бүрдүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын холбогдох заалтуудад манай улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхий нийтийн  чанартай тулгамдсан асуудал болох ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, идэвхитэй оролцох тухай заажээ. Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж буй бусад улстай хуваалцах зорилгоор сан байгуулж ажиллуулах” тухай заалт орсон байгааг үндэслэсэн аж.

    Уг сан байгуулагдсанаар өөрийн орны ардчилсан үйл явцын туршлагаас хуваалцах, олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа бэхжүүлэх, гадаадын зарим улстай хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтыг дипломат үйл ажиллагааны зөөлөн хүчний бодлогоор дамжуулан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдгийг Хууль зүйн сайд онцоллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш