УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Банконг дахь төлөөлөгчийн газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Тим Демери, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үндэсний зохицуулагч П.Болормаа нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөдөлмөрийн хэм хэмжээг олон улсын хөдөлмөрийн байгууллагын жишиг стандартад нийцүүлэх талаар болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг хангах эрх зүйн орчинг сайжруулах асуудлаар санал солилцов. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбарын яамд нэгдсэн бодлого боловсруулах хэрэгтэйг ноён Тим Демери онцлоод, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд үйлчилгээний салбарыг түлхүү анхаардаг бусад орны туршлагыг жишээ болгон ярилаа. Түүнчлэн албадан хөдөлмөрийг устгах, хүүхдийн хөдөлмөрт ял шийтгэл оноох асуудалд хууль, эрх зүйн тодорхой зөвлөгөө өгөх зорилготой ирснээ танилцуулсан юм.
Нийгмийн салбарын эрх зүйн шинэчлэлтэй холбоотой хэлэлцүүлэгт санал бодлоо солилцон оролцох асуудлыг дэмжиж буйгаа Байнгын хорооны дарга энэ үеэр тэмдэглэж, ирэх долоо хоногт “Хөдөлмөрийн эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг хийх гэж байгааг дуулгалаа. Мөн тэрээр, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах норм норматив, нэгдсэн стандарт өнөөдрийг хүртэл манайд мөрдөгдөж ирээгүйг онцолж, УИХ-аар Барилгын болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлснийг танилцуулав. Цаашид хоёр тал нийгмийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар хамтран ажиллахад санал нэгтэй байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.