Уулзалтын үеэр, ноён Жан Сяочян сайд Н.Батбаяртай уулзах завшаан тохиож буйд баяртай байгааг дурдаад, хоёр талын хүчин чармайлтаар сүүлийн жилүүдэд хоёр орны найрсаг харилцаа мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарч байна. Нийт худалдааны эргэлт 2002 онд 360 сая доллар байсан бол өнгөрсөн онд 6.6 тэрбум доллар болж 18 дахин өссөн болохыг цохон тэмдэглэлээ.
Сайд Н.Батбаяр хоёр байгууллагын эрх үүрэг ойролцоог харгалзан цаашид нягт хамтран ажиллах сонирхолтой болохоо илэрхийлээд, Монгол улсын хөрөнгө оруулалтыг 4 жилээр төлөвлөж, УИХ-аар энэ оны нэгдүгээр улиралд батлуулах чиглэлээр ажиллаж байгаа талаар төлөөлөгчдөд товч мэдээлэл хийсэн юм.
Мөн уулзалтаар манай улсын экспортын голлох бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгахтай холбогдуулан нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг дээр гадаад худалдааны нэг цонхны бодлогыг баримтлах зарчмын талаар хоёр тал санал солилцов. Цаашлаад Сайд Н.Батбаяр 3 тэрбум ам.долларын зээл авах асуудлаарх яриа хэлэлцээг өргөжүүлэх сонирхолтой болохоо мэдэгдэж, үүний хариуд Хятадын тал уул уурхайн ашиглалт, санхүүгийн хамтын ажиллагааг нэгдсэн байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Хоёр орны уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, зам тээвэр, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, цаашид санхүүгийн хамтын ажиллагааг дэд бүтэц, уул уурхайн салбартай уялдуулан хөгжүүлэх нь ихээхэн үр дүнтэй болохыг Хятадын тал онцлоод газрын тос боловсруулах үйлдвэр барихад хамтран ажиллах боломжтой болохоо мэдэгдэв.