logo
Засгийн газрын ээлжит хуралдаан нээллтэй хуралдлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан нээллтэй хуралдлаа

2013/01/21
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 1 дүгээр сарын 19-ний бямба гарагт болж, 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
  • - Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр" хэрэгжүүлэх ажлын явцыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Сансрын холбооны болон тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх төсөлд үйлдвэрлэл, хөөргөлт, газрын дэд бүтэц, даатгал, сургалт зэргийг багцаар авч үзэх, төслийг хамтран хэрэгжүүлэх туршлага бүхий өндөр хөгжилтэй улс оронтой Засгийн газар хоорондын яриа хэлцээ хийх, хөтөлбөрийн үйл ажиллагаанд энэ онд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, явц, үр дүнг нэгдүгээр улиралд багтаан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах зэргийг хариуцсан албан тушаалтнуудад даалгалаа.

 

  • - Сэргээгдэх эрчим хүчний сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт орууллаа. Тус зөвлөлийг Эрчим хүчний сайд даргалж, холбогдох дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн дарга, улсын төсөвт болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл орж ажиллах юм.

 

  • - Гадаад харилцааны сайд Л.Болд ирэх сарын 1-3-ны өдрүүдэд ХБНГУ-д болох Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 49 дүгээр бага хуралд оролцохтой холбогдуулан тус бага хурлын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.

 

  • - УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" УИХ-ын 1998 оны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд хэд хэдэн санал орууллаа. Тухайлбал, шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар нэрлэж, зүй бус хорогдол, худалдаанаас хамгаалахаар энэ оноос эхлэн 5 жилийн хугацаагаар улсын хилээр гаргахыг хориглосон тул тусгайлан УИХ-ын тогтоолд нэмэлт оруулж, энэ төрлийн шувууг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүлэг барааны жагсаалтад хамааруулах шаардлагагүй гэж үзсэн юм.

 

  • - Төв, Зүүн Европ болон Монгол зэрэг орныг хамран үйл ажиллагаа явуулдаг байсан Европын сэргээн босголт, хөгжлийн банкцар хүрээгээ өргөжүүлэн Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудыг нэгтгэхээр Захирлуудын зөвлөлийн өнгөрөгч 9 дүгээр сарын тогтоолоороо шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан тус банк үүсгэн байгуулах хэлэлцээртээ нэмэлт, өөрчлөлт оруулсан тул түүнийг гишүүн орнууд нь хүлээн зөвшөөрч, соёрхон батлах учиртай. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, соёрхон баталснаар тус банкны 61 дэх гишүүнээр элссэн. Гишүүн орнуудынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж, зах зээлийн баримжаатай нээлттэй эдийн засагт шилжихэд туслахад тус банкны үйл ажиллагаа чиглэдэг.

 

  • - Стандартчилал, хэмжил зүйн газар дахь 633 нанометр долгионы урттай, иодоор тогтворжуулсан гели-неон эталоныг уртын хэмжлийн нэгжийн улсын эталоноор баталлаа. Барилга, зам гүүр, уул уурхай, ашигт малтмал олборлолт, геодези, нефть, хийн бүтээгдэхүүний тооцоолол болон дулаан, цахилгааны алдагдлыг тогтоох зэрэг өндөр нарийвчлал шаардагдах салбаруудад ашиглаж буй тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэлд уртын нэгжийг үнэн зөв дамжуулах, улсын хэмжээнд уртын хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад уртын хэмжлийн нэгж “метр"-ийн эталон бий болгон хөгжүүлэх шаардлага гарсан учир ийнхүү батлахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш