logo
Гэр хорооллын долоон хэсэгт дахин төлөвлөлт хийнэ

Гэр хорооллын долоон хэсэгт дахин төлөвлөлт хийнэ

2013/01/21

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  шинэ бүтэцтэйгээр хуралдаж, хуралдаанаар дараах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Удирдлагын зөвлөлийн хуралд  гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах тухай  асуудлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцууллаа.

Улаанбаатар хотыг 2020 хүртэл ерөнхий төлөвлөгөөнд энхний ээлжинд  VII хороолол,   Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөтөнд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7 байршилд гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж ерөнхий архитектор танилцуулаа.  Шинээр төлөвлөлтөнд орох газруудын байршлыг танилцуулахад

-       Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчимын гэр хороолол,

-       Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Арьс ширний ажилчдын нийтийн байр

-       Сүхбаатар дүүргийн 15-р хороо,

-       Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн орчимын гэр хороолол

-       Чингэлтэй дүүргийн  7-р хороо,

-       Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,

-     Баянзүрх дүүргийн 8-р хорооны гэр хорооллууд эхний ээлжийн төлөвлөлтөнд багтжээ. 

Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал орчмын 130 га газарт одоо байгаа 2112 өрхийг хамруулан загвар төслийг боловсруулсан байна. Төлөвлөтөөр 3500 айлыг  орчин үеийн шийдэл бүхий орон сууцтай болгох юм байна. Урдчилсан байдлаар тус хороололд  Хотын захиргааны барилга, худалдааны төв, театр, номын сан зэрэг нь нийт 9 га газарт баригдах бол 16 га талбайд хиймэл нуур, спорт талбай, спорт цогцолбор бүхий ногоон байгууламж, мөн эмнэлэг, сургууль, оффис, банк, үйлчилгээний барилга барина гэж тооцон төлөвлөсөн байна. Мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын өөрсдийн хүсэлтийн дагуу дахин төлөвлөт хийхээр болсон байна.  Одоогоор энэ газарт  2,3 га талбайд  120 өрх амьдарч байгаа юм. Дахин төлөвлөтөөр 200 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, 24 айлын орон сууцны хороолол, ногоон байгууламж тоглоомын талбай 2,3 га газарт барьж байгуулахаас гадна 240 айлын орон сууц барих юм. Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газарт дахин төлөвлөлтийн эскизний шатанд зураг төслийг боловсруулсан байна. Төлөвлөлтийн хил хязгаарт 140 айлын 189 өрх хамрагдаж байгаа бол эхний ээлжинд 200 айлын орчин нөхцөл сайжирна гэж үзсэн байна. Дулааны асуудлыг 58-р сургуулийн халаалтын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлдэх боломжтой байгаа бөгөөд, цэвэр бохир усны асууддлыг урд нь тооцсон цэвэрлэх байгууламжаа өргөтгөх маягаар шийдвэрлэх боломжтой юм байна. Төлөвлөлтөөр энэхүү 13 га газарт худалдаа үйлчилгээний цогцолбор, таун хаус, ногоон байгууламжийг бий болгож инженерийн шугамыг шийдвэрлэхээр төлөвлөгджээ.                               

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн  орчим гэр хороололд 15 га газарт дахин төлөвлөлт хийхээр эхний зургыг боловсруулжээ. Төлөвлөтийн хил хязгаарт 87 өрх хамрагдаж байгаа бол төлөвлөтөр 115 айлын орон сууц баригдах юм байна. Ээнэ хэсэгт дахин төлөвлөснөөр нийт 8400 метр квадрат ажлын байр барихаар тооцжээ. Мөн инженерийн шугам сүлжээ, орон сууц, үйлчилгээний барилга байгууламж байгуулахад 8,5 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны орчимд 11,4 га газарт дахин төлөвлөт  хийхээр урдчилсан зураг төслийг танилцууллаа. Одоогоор энэ хэсэгт нийт 72 хашаа хамрагдаж байгаа бөгөөд  дахин төлөвлөснөөр эхний ээлжинд 115 айлын амьдрах нөхцөл сайжирна гэж үзжээ. Дулааны асуудлыг тухайн хэсэгт байгаа цэргийн ангийн халаалтын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлэх боломжтой юм байна.

Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газарт мөн эхний ээлжийн төлөвлөтийг хийж зураг төслийг боловсруулсан байна. Одоогоор энэ хэсэгт 157 хашаа хамрагдаж байгаа бөнөөд эхний ээлжинд 92 айлын амины орон сууц, 104 айлын орон сууц  төлөвлөгджээ. Амгаланд тохилог амины сууцнаас гадна, газар доор граж барих боломжтой юм байна. Цэвэр усны асуудлыг төвлөрсөн шугамаас холбох боломжтой. Харин цэвэрлэх байгууламжийг шинээр барих юм байна. Дулааныг одоо байгаа Алтангадас ХХК-ны уурын зуухыг өргөтгөн барьснаар шийдвэрлэнэ гэж тооцжээ.

Баянзүрх дүүргийн 8-р хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт мөн дахин төлөвлөт хийхээр зураг төслийг гаргасан байна Төлөвлөлтөнд нийт 691 өрх хамрагдаж байгаа бол дахин төлөвлөснөөр 500 айлын амины орон сууц, 200 айлын орон сууц баригдах юм байна. Энэ хэсгийн гэр хороололд дахин төлөвлөлт хийж авто зам дагуу үйлчилгээний төв ажлын байр барихаас гадан төв хэсэгт таун хаус хэлбэрийн орон сууцны хотхон, 100 хүүхдийн цэцэрлэг, зах орчмоор тохилог амины сууц, ногоон байгууламж, амрах спорт талбай, 960 хүүхдийн сургууль зэргийг шинээр барих юм байна. Цэвэр, бохир усыг төвлөрсөн шугамаас холбож, дулааныг одоо байгаа аж ахуйн нэгж болон, цэргийн ангийн уурын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлэж болох юм байна.                                             

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат утааны голомт гэж нэрлэгдээд байгаа гэр хорооллыг дахин төлөвлөснөөр агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломж байгааг тодрууллаа.

Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж гэр хорооллын ердийн зуухны утаа агаарын бохирдлын 70 хувийг эзлэж байна гэсэн тооцоог бид гаргасан. Эхний ээлжийн төлөвлөлтийг хийснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 37 мянган яндан байхгүй болж утаа  30 хүртлэх хувиар буурууна гэж үзэж байна гэв. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, шинэ сууршлийн бүсэд газар олгохгүй. Хөрөнгө оруулагч нарыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд татахын тулд шинэ сууршилд газар олгохгүй байх шийдвэрийг зайлшгүй гаргах хэрэгтэй юм. Мөн урдчилсан төлөвлөлтийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, НИТХ-аар оруулахдаа энэ тухай илүү тодотгон хэлэлцүүлэх нь зүйтэй гэлээ.  Ингээд удирдлагын зөвлөлийн гишүүд гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ. НИТХ-аас зохих шийдвэр гарсны дараа гэр хорооллын иргэдээс санал авснаар эхний ажлууд энэ оны гурван сараас хийгдэж эхлэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш