logo
Гэр хорооллын хог тээвэрлэлтийн шинэ хэлбэрийг иргэд дэмжлээ

Гэр хорооллын хог тээвэрлэлтийн шинэ хэлбэрийг иргэд дэмжлээ

2013/01/21

Гэр хорооллын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх шинэ хэлбэрт шилжсэн тухай танилцуулгыг удирдлагын зөвлөлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Гэр хорооллын хог тээвэрлэлт муу, гуу, жалга хогондоо дарагдаж, гэр хорооллын хог гамшгийн хэмжээнд хүрлээ гэж иргэдийн зүгээс ихээхэн шүүмжилдэг байсан юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30-р тогтоолоор гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх шинэ журам баталжээ. Энэхүү журам гарснаар төвийн зургаан дүүргийн гэр хорооллыг 18 бүсэд хувааж хог тээвэрлэгч компаниудыг сонгон шалгаруулсан бөгөөд Захирагчийн харъяа хот тохижилтын газраас нэгдсэн журмаар тээвэрлэсэн хогны хэмжээгээр санхүүжүүлж байхаар тээвэрлэгч байгууллагуудтай гэрээ хийжээ. Журмын дагуу хог тээвэрлэгч компаниудыг сонгон шалгаруулж, шалгаруултанд нийт 23 компани хүсэлт ирүүлснээс 15 компани шалгарсан байна. Шалгарсан компаниудтай Хот тохижилтын газар, дүүргийн Засаг дарга, хог тээвэрлэгч компани гэсэн гурвалсан гэрээг байгуулж, гэрээнд айл өрхийн хог хаягдлыг сард 2 удаа ачиж байхаар тусгажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог тээвэрлэлтийн шинэ менежментэд судалгаа хийсэн байна.  Судалгаа хийхдээ гэр хорооллын иргэдтэй уулзан  санал асуулга явуулжээ. Санал асуулгаар иргэдийн 63 хувь нь хог хаягдлаа сард 2 удаа ачуулсан, 70 орчим хувь нь ойр орчмын ил задгай хог хаягдал багссан гэж үзсэн бөгөөд хог тээвэрлэлтийн шинэ хэлбэрийг 88 хувь нь дэмжсэн байна.

Иймээс энэхүү үйл ажиллагааг 2013 оны 1-р улирал хүртэл үргэжлүүлэх саналтай байна гэж ерөнхий менежер хэллээ. Хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг айл өрх, байгууллага аж ахуйн нэгжийн хог гаргасны төлбөрөөр санхүүжүүлж, харин төвлөрсөн цэгийн хог хаягдлыг хөрсөөр дарж хучих зардал, нийтийн эзэмшлийн зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг нийслэлийн төсвөөс санхүүжүүлдэг. НИТХ-ын 2006 оны 182 дугаар тогтоолоор хогны төлбөрийг орон сууцанд амьдардаг нэг өрх сард 2000 төгрөг, гэр хороололд амьдардаг айл өрх  сард 2500 төгрөг, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэхэд 1 метр кюадрат нь 50 төг байхаар тогтоосон байна. Харин байгууллага аж ахуйн нэгжүүдийн хогны төлбөрийг сард үүсгэж байгаа хогны хэмжээнээс хамааран НИТХ-ын 2009 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан тонн километрээр тооцдог хог тээврийн тарифыг үндэслэн хог тээвэрлэгч байгууллагуудтай гэрээ байгуулан тээвэрлдэг байна. Гэвч нийслэлийн хэмжээнд айл өрх, байгууллага аж ахуйн нэгжийн хог гаргасны төлбөр жилд дунджаар 8-10 тэр бум төгрөг цугларах ёстойгоос жилд 4-4,5 тэрбум төгрөг цугларч байгаа юм байна. Төлбөр цуглуулалт бага байгаагаас санхжүүжилт дутагдан, хог тээвэрлэлт, цуглуулат тогтмол хийгдэж чадахгүй давтамж холдох, ингэснээр айл өрхүүд гудамж талбай гуу жалгандаа ил задгай хог хаях явдал нэмэгдэж байна гэж тэрээр онцлон хэллээ.

Цаашид гэр хорооллын хог хаягдлыг  цуглуулж, тээвэрлэж байгаа энэхүү шинэ хэлбэрийг улам сайжруулж, нэмэлт санхүүжилтийг 2013 оны төсвийн хүрээнд шийдвэрлэх шаардлага байгааг танилцууллаа. Мөн хог тээвэрлэх ажлыг сайжруулахын тулд  гэр хорооллын хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд нь хог хаягдлыг тээвэрлэсэн өрхүүдээс гарын үсгээр баталгаажуулалт хийлгэж, бүртгэл хөтлөх /утасны дугаар, хаяг г.м/, гэр хороололд үүссэн хур хогийг тээвэрлэхээс илүүтэйгээр айл өрх бүрийн хог хаягдлыг сард 2-3 удаа тээвэрлэх графикийг гарган айл өрх, албан байгууллагуудад мэдэгдэж, дүүргийн холбогдох мэргэжилтэн, хорооны Засаг даргаар батлуулан мөрдлөгө болгон ажиллах санал тавилаа.

                                Мөн гаргасан хуваарийг өрх бүрт тараах ажлыг тээвэрлэгч байгуулага хороотой хамтарч зохион байгуулж, графикийн хэрэгжилтэнд Хот тохижилтын газар, хорооны Засаг дарга хяналт тавих нь тээвэрлэлт сайжрахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Хамгийн чухал нь энэхүү графикийн хэрэгжилт айл өрхийн баталгаажуулсан гарын үсгийн баталгаагаар түүвэр судалгаа явуулан давхар хяналт тавьж санхүүжилтийг олгож байхаар санал  оруулжээ.

Танилцуулгыг сонсоод удирдлагын зөвлөл энэ асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, 2013 оны нэгдүгээр улирлыг дуустал буюу 3 дугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар тогтлоо. Гэхдээ, гудамж, жалганд ил задгай хог хаях явдлыг эрс бууруулахын тулд гэр хорооллын гудамжинд хяналтын камер суурилуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш