logo
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг төрийн бодлогоор дэмжинэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг төрийн бодлогоор дэмжинэ

2013/01/21
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Архангай, Булган, Сэлэнгэ аймгуудаар ажлын томилолт хийсэн. Энэхүү ажлын бүрэлдэхүүнд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Ерөнхий захирал Б.Нарантуяа, Сургалт судалгааны газрын дарга Т.Батдулам нар оролцсон.

   Архангай, Булган, Сэлэнгэ аймгуудад Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн хэрэгжүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн үйл ажиллагаатай ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ танилцсан. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж, тэдэнтэй уулзаж санал бодлоо хуваалцан ярилцсан юм.   “Тэгш дүүрэн” хөтөлбөрт хамрагдсан иргэдээс гарч буй нийтлэг санал, хүсэлт нь өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад төрийн зүгээс дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг илэрхийлсэн юм.
   Уулзалтын дараагаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах тал дээр төрийн бодлогод тусгаж, анхаарч ажиллахаа хэлсэн. Мөн 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайшааж цаашид төрийн бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөгийн нөхцөлд гэрээсээ гараад хэн нэгний оролцоогүйгээр нийгмийн үйл ажиллагаанд оролцож чаддаггүй.

   Тэгвэл цаашдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам тэдэнд зориулсан дэд бүтцийг бий болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг энгийн иргэдтэй адил, нийгэмд тэгш оролцоотой амьдрах бололцоог хангах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаагаа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон.

   Энэхүү орон нутгийн томилолтын хүрээнд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нь Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, цаашид салбар хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр болсон юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш