Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч Польшид айлчилж Давосын чуулга уулзалтад оролцохоор өчигдөр Улаанбаатараас мордов. Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Польш улс /БНПУ/-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн урилгаар энэ сарын 21-22-нд БНПУ-д Төрийн айлчлал хийх юм. Мөн энэ сарын 23-26-нд Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалтад оролцоно.
БНПУ-д хийх айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскитэй хэлэлцээ, Сеймийн маршал Эва Копач, Сенатын маршал Богдан Борусевич, Ерөнхий сайд Дональд Туск нартай албан ёсны уулзалт тус тус хийнэ. Мөн Варшавын Их сургуульд лекц уншиж, БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн хамт Монгол-Польшийн бизнесийн уулзалтад оролцож, үг хэлэх юм. БНПУ-д оршин сууж байгаа монгол иргэдтэй уулзах, Польш дахь Монгол судлалыг дэмжих үүднээс Варшавын Их сургуульд шинээр байгуулагдаж буй монгол хэлний ярианы дадлагын танхимыг албан ёсоор нээх зэрэг арга хэмжээнд мөн оролцох юм.
Монгол, Польшийн Засгийн газар хооронд эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд айлчлалын үеэр гарын үсэг зурна.
Давост болох Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн чуулга уулзалтаар “Эрсдлийг даван туулах чадвар” сэдвийн дор дэлхий дахин, бүс нутаг, үйлдвэрлэлийн түвшинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх юм.Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийн эдийн засгийн төлөв байдал, ардчилал, авлигатай тэмцэх, ус, ногоон хөгжил зэрэг сэдвийн дор болох хуралдаануудад оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн чуулга уулзалтын үеэр болох дэлхийн эдийн засгийн удирдагчдын албан бус цугларалтад оролцож, хоёр талын уулзалтууд хийнэ. Чуулга уулзалтын үеэр улс орноо сурталчлан таниулах зорилгоор “Монголын өдөр” арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулахаар төлөвлөжээ.