Өнгөрөгч бямба гаригт Хятадын зүүн хэсэгт орших Вэньжоу хотын ойролцоо хурдны төмөр зам дээр хоёр галт тэрэг мөргөлдөж 40 хүн амиа алдаж, 200 хүн бэртэж гэмтсэн байна. Орон нутгийн цагаар 20:30 цагийн үед Ханжоугаас Фужоу хүрэх байсан хурдны галт тэрэг аянганд цохиулсны улмаас ослын зогсолт хийжээ. Араас нь явж байсан Бээжингээс Фужоу хүрэх галт тэрэг зогсож чадалгүй мөргөсөн байна. Хятадын D цувралын уг галт тэргүүд цагт дунджаар 160 километр хурдалдаг бөгөөд хүчтэй мөргөлдсөний улмаас замаасаа гарч, 30 орчим метрийн өндөртэй гүүрнээс унажээ. Тээврийн асуудлыг хариуцсан яамны төлөөлөгч Ван Юнпин аюулгүйн байдлыг хангах асуудалд хойрго хандсан гэх шалтгаанаар Шанхайн төмөр замын газрын дарга болон түүний орлогч, мөн тус нутаг дэвсгэрийн Коммунист намын нарийн бичгийн дарга нарыг албан тушаалаас нь халсан талаар мэдэгдсэн байна. Сүүлийн үед Хятадын эрх баригчид хурдны төмөр замыг байгуулахад олон тэрбум долларын хөрөнгө оруулж байгаа юм. Зургаадугаар сард Бээжин Шанхай хоёрыг холбосон хурдны төмөр зам нээгдсэн боловч уг төсөл ихээхэн шүүмжлэлд автаад байгаа юм байна. Нэгдүгээрт Бээжин Шанхайг холбосон төмөр зам 33 тэрбум долларын хөрөнгөөр баригдсан байна. Хоёрдугаарт төмөр замын нээлтийн дараагаар удаа дараа техникийн гэмтэл согог гарч байжээ. Уг хэрэгтэй холбогдуулаад ихэнх хүмүүс хурдны төмөр замд эргэлзээ төрж байгаагаа илэрхийлж галт тэргээр үйлчлүүлэх нь эрс багасаад байгаа аж. Гэвч Ван Юнпины ярьж буйгаар шүүмжлэгчид асуудлыг улам хүндрүүлээд байгаа гэнэ. Тэрээр “Хятадын хурдны төмөр замын барилгын технологи орчин үеийн стандартад нийцсэн” гэж ярьжээ.
А.Цацрал
А.Цацрал