Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийтийн хоолны салбарт ”Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, Хоолны газрын ангилал, зэрэглэл” шалгалтыг улсын хэмжээнд явуулжээ. Улсын хэмжээнд нийт 1018 хоолны газар орон сууцны давхарт үйл ажиллагаа эрхлэж хяналтад хамрагдаад байгаагийн 862 нь нийслэлд 159 нь аймгуудад ажилладаг байна. Харин Өвөрхангай, Баян-Өлгий, Булган, аймгуудад орон сууцны давхарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар ажилладаггүй ажээ. Шалгалтад хамрагдсан нийтийн хоолны газруудын 57 хувь нь зориулалтын бус байртай, 50,2 хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй, 58,7 хувь, зориулалтын хөргөх төхөөрөмжөөр хангагдаагүй, 34,8 хувь, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй ажиллагсадтай байсан зөрчил илэрчээ. Хоол үйлдвэрлэлийн салбарт ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх, чанар, аюулгүй байдал нь алдагдсан, баталгаагүй түүхий эд, бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэлд ашиглах, түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчих, хоол үйлдвэрлэлийн технологийн урсгал буруу зохион байгуулсанаас хоол, хүнсэнд дам бохирдол үүсэх, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг зөрчлүүд өдөр тутам давтагдан гарч байгаа аж. Энэ нь хоол, хүнсээс шалтгаалсан халдвар, хордлого гарах нөхцөл бүрдүүлсэн эрсдэл бий болгож байна хэмээн МХЕГ-аас үзжээ. Дээрх зөрчлийг шийдвэрлэхийн тулд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар холбогдох хуулиар хүлээсэн үүргийн биелэлтээ хангуулан нийтийн эзэмшлийн зам талбайд болон орон сууцны давхарт зориулалт өөрчлөн хоолны үйлчилгээ эрхлэхийг хориглох, газар чөлөөлөх зэргээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан хэрэгжүүлэх нь зүйтэй байна хэмээлээ. Мөн эдгээр хоолны газруудын үйл ажиллагаа оршин суугчдын тав тух алдагдуулж байгаа талаар сүүлийн хоёр жилд МХГ-уудад 254 удаа гомдол иржээ. Иргэд тус хоолны газрууд нь дуу чимээ ихтэй, байнга хоолны үнэр гардаг, орчны бохирдол, хог хаягдал их зэрэг сөрөг талууд олон байдаг талаар гомдоллосон байна. Оршин суугчдын энэхүү гомдлын дагуу хяналт шалгалтын явцад улсын байцаагчид дээрхи зөрчил бүхий 20 хоолны газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоон үйлчилгээний чиглэлийг өөрчлүүлжээ. Мөн 70 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон зөрчил арилгуулах арга хэмжээ авсан байна.
М.Жаргал
М.Жаргал