Нээлттэй эхийн программ хангамж хөгжүүлэгчид, судлаач, шинжээч зэрэг 30 гаруй мэргэжилтэн болон УИХ-аас томилогддог, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын мэдээлэл, технологийн 10 гаруй ажилтан энэхүү хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцож байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар үг хэлэв.
УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсад мэдээллийн технологи хөгжсөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн бүх шатны байгууллагууд компьютерийн техник хангамж, сүлжээний дэд бүтцэд тэргүүлэх ач холбогдол өгч программ хангамжийн оюуны өмчийн талаар төдийлөн анхаарал хандуулаагүйн улмаас энэ асуудал цаг үеийн шаардлагаас хоцорч ирсэн байна. Өнөөгийн мэдээлэлжсэн нийгэмд цахим хэрэглээ асар хурдацтай өсөн нэмэгдэхийн хэрээр программ хангамжуудын зохиогчийн эрхийн асуудал хурцаар тавигдах боллоо. Иймд Улсын Их Хурлын дарга миний бие саяхан төрийн байгууллагуудад хандан оюуны өмчийн зөрчилгүй программ хангамжийн бүтээгдэхүүн хэрэглэх уриалга гаргасан. Цаашид үндэсний программ хөгжүүлэгчид Та бүхэн Монгол Улсын төрийн байгууллагуудад ашиглах үйлдлийн систем хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байна” хэмээгээд Улсын Их Хурал анхдагч, санаачлагчийн хувьд энэ чиглэлийн дагуу тодорхой санал санаачлагыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн ахлах референт Ж.Элбэгзаяа “УИХ, түүний Тамгын газрын мэдээллийн технологийн өнөөгийн байдал, бодлогын талаар” сэдвээр эхний илтгэлийг тавьсан. Тэрээр УИХ-ын Тамгын газраас мэдээлэл технологийн 450 орчим хэрэглэгчээ зөвшөөрөлтэй программ ашиглуулах, нээлттэй эхийн программыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж эхэлснийг онцлоод цогц бодлого боловсруулсан талаараа дурьдлаа. Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2012 оны 209 тоот захирамжаар мэдээллийн технологийг сайжруулах, аюулгүй байдлын хангах, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх 2020 он хүртлэх хөгжлийн бодлогыг баталжээ. Энэ хүрээнд цахим шуудангийн албан ёсны зөвшөөрөлтэй лиценз ашиглаж эхэлсэн төдийгүй “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн аппиликешнийг гаргасан байна. Цаашид БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Цахим парламент” төслийг хэрэгжүүлж, хурууны хээг уншуулж санал хураах, байнгын хорооны хуралдааны танхимуудыг камержуулах зэрэг хэд хэдэн ажил хийхээр төлөвсөн аж.
Үүний дараагаар Монголын залуу программистуудын холбоо, Линукс хэрэглэгчдийн бүлгэм, “Юү-Эс-Ай” компанийн төлөөлөгч нар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм. Тэдний илтгэлд дурьдснаар 1960-1980 онд дэлхий дахинаа анх нээлттэй эхийн программийг ашиглаж эхэлсэн бөгөөд үүнийг хэрхэн хөгжүүлэх талаар 66 орон 340 орчим бодлого гаргажээ. Эдгээр бодлогуудын 245 нь үг дүнгээ өгсөн байдаг байна.
Манай улсын хувьд 2001 онд Японы олон улсын Жайка байгууллагаас хэрэгжүүлсэн "Сакура" төслөөр нээлттэй эхийн программын эхлэл тавигджээ.
Open sourse буюу нээлтэй эхийн программыг нэвтрүүлснээр иргэн та оюуны өмчийн хулгай, хуулбар хийлгүйгээр хууль ёсны эрхтэйгээр хэрэглээний программ ашиглах боломжтой болж байгаа юм. Цахим ертөнцөд хүмүүсийн эхээр хэрэглэдэг Facebook, Google, Yahoo зэрэг нь бүгд нээлттэй эхийн программтай аж.
Компьютер, програмистын мэдлэг, мэргэжилтэй хэн бүхэн уг программыг ашигласнаар яаж ажилладаг, яагаад нээлттэй эх программ байгаа гэх мэт бүх мэдээллээ авч, өөрийн хүсснээр өөрчлөн хэрэглэх боломжтой байдаг аж. Микрософт болон бусад хаалттай хэрэглээний программыг ашиглах явцад алдаа гарвал гарч ирсэн өгөдлийн дагуу ажиллахаас өөр гарц байдаггүй бол нээлттэй эхийн программыг засаж болдог. Ингэснээрээ дэлхий нийтийн мэргэжилтнүүдээс туршлага судлаж, оюуны өмчийг хулгайлсан хэргээр өндөр төлбөрт унахгүй олон давуу талтай болох юм.
Стандарчлал, хэмжил зүйн газраас 2012 оны 12 дугаар сарын 20-нд мэдээллийн технологийн нээлттэй эхийн программын талаар стандарт гаргасан байна. Нээлттэй эхийн программ нь урт хугацаандаа эдийн засагт ихээхэн хэмнэлт болдог байна. Жишээлбэл, Францын цагдаагийн байгууллага 2005 оноос энэхүү программыг нэвтрүүлснээр жил бүр 2 сая евро хэмнэдэг болжээ.
Дашрамд дурьдахад, УИХ-ын дарга З.Энхболд монгол хэлээ “Google translate”-д оруулах санаачлага гаргаж, өөрийн твиттер хуудсаараа дамжуулан иргэдээс санал аваад байсан билээ. Энэ санаачлагыг “Гүүгл” компанийн хайлтын системд 6 дахь жилдээ ажиллаж буй Б.Баттулга хэмээх Монгол залуу дэмжиж, УИХ-ын даргад цахим захиа ирүүлсэн юм.
Тэрбээр УИХ-ын даргын санаачлагыг твиттер хуудаснаас уншиж дэмжиж байгаагаа илэрхийлээд “Google translate”-д монгол хэлээ оруулах ямар боломж, нөхцөл байгаа талаар мэдээлэл ирүүлсэн байна. Тухайлбал, Google translate нь хэл шинжлэлийнхний ашигладаг дүрмэнд суурилсан орчуулга биш Machine learning ашигласан орчуулгын систем учраас их хэмжээний мэдээллийн санг шаарддаг. 10 сая /sentence pair/ хос өгүүлбэр орсон хэлүүд дээр маш сайн орчуулга хийгдэж байгаа. 1 сая sentence pair байвал эхний ээлжинд Монгол хэлийг нэмэх боломжтой болно. Зөвхөн "English-Mongol" гэлтгүй "Russian-Mongol" "Chinese-Mongol" сан байсан ч үүнийг ашиглан Монгол хэлийг нэмэх боломжтой. Тухайн үед Өвөр монголоос "Chinese-Mongol" сан их хэмжээгээр олдох боломжтой гэж байсан болов ч миний хувьд үүнийг эсэргүүцсэн. Өвөрмонгол хэл нь Монгол хэлнээс өөр юм. Монголчууд бид өөсдийн орчлуулгын мэдээллийн сантай болвол үүнийг зөвхөн Google биш Монгол дахь сургуулиуд судалгааны групууд авч ашиглах боломжтой гэдгийг захиандаа дурьджээ.