Тэрбээр хоёр үндсэн чиглэлээр ярьсны эхнийх нь ялтан Н.Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлж, клиникийн нэгдсэн 2-р эмнэлэгт хэвтүүлэх гэсэн эхчүүдийн тэмцэлтэй холбоотой байв. Сайдын мэдэгдсэнээр бол Хууль зүйн сайдад албан ёсоор хандсан бичиг ирүүлээгүй тул тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл авч байжээ.
Шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, Улсын Дээд Шүүхээс шийдвэр нь нэгэнт гарчихаад байгаа ялтан Н.Энхбаярын хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Монгол Улсад хоригдож буй 7000 гаруй хоригдлын нэгэн адил үйл ажиллагаа явуулж, 2-р эмнэлгээс хорихын эмнэлэг буюу хуучнаар Ганцхудагийн эмнэлэгт шилжүүлсэн нь шүүх засаглал Үндсэн хуулиар хуваарилсан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа хэрэг, шүүхийн энэхүү шийдвэрийг Хуульзүйн сайд өөрчлөх эрхгүй гэдгийг Х.Тэмүүжин сайд ярианыхаа явцад нэг бус удаа тэмдэглэсэн юм. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага шүүхийн шийдвэрээр ял эдлүүлэх үйл ажиллаагааг гүйцэлдүүлэх эрхтэй бөгөөд “Эхчүүд өлсөж байна” гээд одоо хүчин төгс үйлчилж буй хуулиа өөрчлөх боломжгүй, ер нь хууль бус шаардлага тавьж буй иргэдийн хүсэл зорилгод захирагдах ёсгүй, харин иргэд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар парламентад шахалт үзүүлэх боломжтой, мөн давж заалдах болон хяналтын шатны шүүхээр явах зам нь нээлттэй гэдгийг тэрбээр тайлбарлалаа.
УИХ-ын НББСШУБХ, Хүний эрхийн дэд хорооноос хийсэн хоёр удаагийн шалгалттай холбогдуулан Монгол Улс ял эдэлж буй өвчтэй иргэдийг ялаас чөлөөлөх бодлогын хувьд олон улсын жишиг баримталж буйг сайд онцлоод ялтанд хорихоос гадуур эмчилгээ хийлгэхэд ямар зовлон бэрхшээл учирдаг талаар дэлгэрэнгүй ярив. Тухайлбал, онц, хүнд, хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтанг хуулийн заалтаар хорихоос гадуур эмчлэх гэхээр хүлээж авах эмнэлгийн нөхцөл боломж бүрдээгүй, наанадаж гадна харуул хамгаалалтын хувьд чанга дэглэмтэй хорих байгууллагатай ижил байх, улмаар тухайн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, мөн уг эмнэлгийн ажилтнууд төдийгүй ялтангуудын өөрсдийнх нь ч аюулгүй байдлыг хангасан байх шаардлага тавигддаг байна. Жирийн иргэдэд эмнэлэг хүрэлцэхгүй байхад олон эмнэлэгт ялтангуудыг тараан байрлуулах юм уу зөвхөн 2-р эмнэлэгт эмчлэх гэсэн Эрүүл мэндийн сайдын ганц хүнд зориулсан анхнаасаа явуургүй тушаал заавраас болж нэлээд цаг алдсаны эцэст хоёр өдрийн өмнө эцсийн шийдвэр гарч, өчигдөр 2-р эмнэлэгт хоёр өрөөг аюулгүй байдлын үүднээс тохижуулан тоноглосон бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр ялтанг хүлээн авч эмчлэхээр болсныг тэрбээр мэдээлээд өнөөдрөөс эхлээд хоригдлууд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болсон тул өлсгөлөнгөө зогсоохыг эхчүүдээс хүслээ.
Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй болохоор өмнө нь ямар алба хашиж байснаас үл хамааран хуулийн заалтаар зайлшгүй эмчлэх шаардлагатай хоригдлуудыг л энд хэвтүүлэх аж. Харин хуульд заасан тэрхүү өвчний заалт Н.Энхбаярын хувьд байхгүй гэдгийг Х.Тэмүүжин сайд сэтгүүлчийн асуултанд хариулахдаа хэлсэн юм.
Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд цагдаа, хууль сахиулах байгууллагуудын гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа, саяхан МИАТ-аар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан 6 хүнийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд улс дамнасан, зохион байгууллаттай гэмт хэргийг мөрдөх шинэ алба байгуулах тухай хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдэгдэв. Ийм шинэ бүтэц бий болсноор мөнгө угаах, хүн худалдаалах зэрэг үндэстэн дамнасан ноцтой хэргийн илрүүлэлт сайжирч, эрх мэдэлтнүүд төрийн нэрээр төрийн болон төрийн оролцоотой байгууллагуудыг зориуд дампууруулж өөрсдөө хувьчлан авдаг хууль бус явдал байхгүй болно хэмээн мэдэгдлээ.