Гадаад харилцааны сайд Л.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Британи Улс өрнөдийн улс гүрнүүдээс хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын олон улсын нэр хүндийг бататган бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн орон юм” гээд монголчууд бид үүнийг манай гадаад харилцаанд гарсан түүхэн чухал үйл явдал хэмээн үздэг болохыг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн 1911 онд Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, Төрт улсаа сэргээн мандуулсанаа дэлхий нийтэд, түүний дотор Британи Улсад албан ёсоор мэдэгдэж, Хүрээнд Элчин төлөөлөгчөө суулгахыг урьж байсныг түүхийн эх сурвалжууд өгүүлдэг болохыг онцлоод хагас зууны тэртээ Монгол Улс, Британи Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон явдал нь манай улсыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үйл явцад чухал алхам болсныг тэмдэглэсэн юм.