logo
БХЯ, ЭМЯ-ны хамтран ажиллах тухай санамж бичигт с айд нар гарын үсэг зурлаа

БХЯ, ЭМЯ-ны хамтран ажиллах тухай санамж бичигт с айд нар гарын үсэг зурлаа

2013/01/22

БХЯ-наас Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Батлан хамгаалах бодлогын талаарх зорилтуудыг эрчимжүүлэх, түүнчлэн зарим шинэлэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд БХЯ саяхан нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

Харин өнөөдөр улс орныг батлан хамгаалах болон хүн ардынхаа эрүүл энхийн төлөөх чухал бодлогыг хэрэгжүүлэх онцгой чиг үүрэгтэй БХЯ, ЭМЯ тодорхой асуудлуудаар харилцан ойлголцож, Засгийн газраас дэвшүүлсэн цогц шинэчлэлийн зорилтуудыг Батлан хамгаалах болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар нар оролцов.

Хоёр яам эрүүл чийрэг монгол иргэд нь Монгол Улсын үнэт баялаг, үндэсний аюулгүй байдлын баталгаа төдийгүй улс орныг батлан хамгаалах нөөц чадавх болохыг хүлээн зөвшөөрч, эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсны талаарх мэдлэг, мэдээллийг өсвөр үе, ялангуяа цэргийн насны залуучуудад түгээж зөв дадал төлөвшүүлэхийг эрхэмлэж, Батлан хамгаалах салбар нь эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллаас үүрэлцэн Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталь, цэргийн эмч нарын баг НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын ажиллагаанд гүйцэтгэж буй үүргээрээ хоёр салбарын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж байгааг хүндэтгэн дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар төлөвлөсөн юм.

Тухайлбал салбарынхаа хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар хоёр яам харилцан мэдээлэл солилцох, цэргийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэн улсын хэмжээний төв эмнэлгүүдийн түвшинд хүргэх, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх, иргэний болон цэргийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор болзошгүй гамшиг, осол гэмтлийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар болсныг онцлож байна. Санамж бичигт тусгасан хамтын ажиллагааны хүрээнд хоёр яам  2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг зөвшилцөн баталж хэрэгжүүлэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш