logo
Хаягжуулалтын тухай хуулийн төслөөр ажлыг хэсэг байгуулахаар болов

Хаягжуулалтын тухай хуулийн төслөөр ажлыг хэсэг байгуулахаар болов

2013/01/23
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /нэгдүгээр сарын 21/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний эхнийх нь Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/ байлаа.

        Хуралдааны эхэнд дээрх төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хийв. Түүний мэдээлснээр бол чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн асуудлыг хуулийн төсөлд бүрэн тусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн бөгөөд уг хувилбараар бол нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, хүн амын нягтаршил, хэргийн ачаалал зэргийг харгалзан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлахаар, Дорноговь аймгийн Иххэт сумыг сум дундын 29-р шүүхийн харьяалалд, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдыг сум дундын 6-р шүүхийн харьяалалд тус тус шилжүүлэхээр тусгажээ.

          Энэ асуудалтай холбоотогоор УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Р.Бурмаа нар  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн байршлыг Хэнтий аймгийн Хэрлэн суманд бус Дорнод аймгийн Хэрлэн сум болгох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-ын саналаар дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.    

        Үүний дараа Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тавхан бүлэгтэй цомхон хэдий ч агуулгын хувьд ихээхэн ач холбогдолтой хууль тул түүнийг чамбайруулах нь зүйтэй хэмээн гишүүд үзэж, ажлын хэсэг байгуулах, даргаар нь Ц.Оюунбаатар гишүүнийг томилох саналыг С.Баярцогт гишүүн гаргасан юм.

        Засгийн газраас өргөн барьсан энэхүү хууль нь УИХ-ын 2012 оны 37-р тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хаягжилтын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр заасны дагуу Засгийн газраас гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой аж.

        Асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс хууль нь аливаа харилцааг зохицуулдаг учир харилцаа болон хариуцлагын асуудлыг тодорхой тусгах, зөвхөн нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн замын тэмдэглэгээ, хаягжуулалтын асуудалд анхаарах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлжүүлэлт болон төрийн нууцын зэрэглэлийн асуудлуудтай зайлшгүй холбогдох учир тэдгээртэй уялдуулах, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн чиглэлийн албан тушаалтнуудыг үүрэгжүүлэх зэрэг асуудлыг төсөлд тусгах зэрэг олон санал гаргасан юм.

        Эцэст нь  хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байнгын хорооны санал, дүгнэлтийг Д. Лүндээжанцан гишүүн нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш