Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, ялангуяа томоохон худалдааны төвүүд орчимд түгжрэл үүсч олон нийтийг бухимдуулдаг. Энэ байдлаас урдчилан сэргийлж, хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Энэхүү захирамжаар томоохон худалдааны төв, захуудыг чиглэсэн замын хөдөлгөөн болон дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, алслагдсан гэр хорооллоос томоохон худалдааны төвүүдийн чиглэлд буухиа автобус явуулах, авто машины улсын дугаарын сүүлийн оронгоор амралтын өдрүүдэд замын түр хязгаарлалт хийх, худалдааны зах,төвүүд болон зам дагуух байрлалтай худалдааны төвүүдийн гаднах талбай, автомашины зогсоолд тухайн байгууллагууд нэмэлт хүн хүч гарган зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байхаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Баярыг угтсан энэхүү зохицуулалтын хүрээнд “Нарантуул” ОУХТ-ийн хойд хаалгыг нээж, нэг урсгалаар тээврийн хэрэгслийг гадагш гаргахаар боллоо. Өмнө нь Нарантуул ОУХТ-ийн төв хаалгаар орсон тээврийн хэрэгсэл зөвхөн баруун тийш Нарны зам болон Намьянжугийн гудамж руу гарах хөдөлгөөн хийдэг байсан бол хойд хаалгыг нээснээр хотын зүүн болон хойд чиглэл рүү гарах шинэ гарц нээгдлээ. Худалдааны төвийн хойд хаалгаар тээврийн хэрэгслийг зөвхөн гаргах бөгөөд нэг чигийн урсгалтай байхаар зохицуулалт хийжээ. Мөн Хүчит Шонхор худалдааны төв руу очдог зам буюу 39-дүгээр сургуулиас Хүчит Шонхор худалдааны төв хүртэлх замыг 1 дүгээр сарын 26, 27 болон 2 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно. Энэ зохицуулалт нь тухайн өдрүүдийн өглөөний 06:00-20:00 цаг хүртэл үргэлжилэх юм. Мөн энэ зохицуулалтаар Меркури худалдааны төвийн хашаан дотор хойд хаалгаараа ороод зүүн хаалга хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, Барс худалдааны төвийн орчим, Нарны гүүрийн зүүн талд байгаа хоосон хашааг хоёрдугаар сарын 10-ыг дуустал автомашины зогсоол болгон өөрчлөх, мөн Төв номын сангийн урд талын автобусны буудлыг шилжүүлж, хуучин зогсоолыг таксины зогсоол болох юм.
Баярын өмнөх амралтын дөрвөн өдөрт дугаарын хязгаарлалттай
Ажлын өдрүүдээр автомашиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Замын хөдөлгөөний хэт ачааллаас урдьчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тооны тэгш, сондгойгоор ангилсан түр зохицуулалтыг сар шинийн өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдөр мөн үргэлжлэхээр боллоо. Тодруулбал, энэ сарын 26 , 2 дугаар сарын 02-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, энэ сарын 27, 2 дугаар сарын 03-ны ням гаригт автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгойгоор төгссөн тээврийн хэрэгсэл хязгаарлалтын бүсэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулалт хийлээ. Энэхүү түр зохицуулалтад түргэн, онцгой байдал зэрэг тусгай болон шуурхай чиг үүрэг бүхий байгууллагуудын тээврийн хэрэгсэл хамрагдахгүй.
12 чиглэлд 53 их багтаамжийн буухиа автобус иргэдэд үйлчилнэ
Амралтын өдрөөр автомашины улсын дугаараар түр хязгаарлалт хийж байгаатай холбогдуулан энэ сарын 26, 27, ирэх сарын 02,03-ны өдрүүдийн 10-19 цагийн хооронд алслагдсан гэр хорооллуудаас томоохон худалдаа үйлчилгээний төв захуудын чиглэлд буухиа автобус үйлчилгээнд гаргахаар болж байна. Орбит, Нарангийн гол, Баянхошуу, Ханын материал, Чингэлтэй дүүргийн 7-н буудал, Дэнжийн 1000, Бэлх, Шархад,Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 12 чиглэлээс “Нарантуул” худалдааны төв рүү 2 цаг тутамд их багтаамжийн буухиа автобус явуулна. Үүнээс гадна Баруу салаа, Зүүн салаа ,Толгойт, Өнөр хороолол, 3,4-р хороолол, Шарга морьт, Хайлааст, Дэнжийн 1000, Улиастай, Гачуурт зэрэг чиглэлүүдийн автобуснууд Халдвартын эмнэлэг, “Нарантуул” худалдааны төвийн баруун болон урд талд үндсэн чиглэлийн дагуу зогсож үйлчилнэ. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслээр иргэд 400 төгрөг төлөөд шуурхай үйлчлүүлэхээс гадна ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэмлэхээ үзүүлээд үнэ төлбөргүй зорчих боломжтой. Мөн эдгээр чиглэлд явдаг микро автобусууд урьдын адил үйлчилгээнд гарна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.