Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу хийгдсэн, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтэгдээхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан, дэд бүтцийн хөгжилд нэмэр болохуйц ихээхэн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн зэргээрээ онцлог болсныг хатагтай Корали Геверс энэ үеэр дурдав. Монгол Улсын хувьд төсвийн хөрөнгө оруулалт зөв чиглэлдээ явж ирсэн ч эдийн засгийн чадавхи, тэнцвэрийг хангахын тулд анхаарууштай зарим асуудал байгааг тэрбээр хэллээ. Тухайлахад, энэ онд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан хэдий ч ОУВС-гийн тооцоогоор зургаан хувьд хүрэх төлөвтэй, Дэлхийн банкны судалгаагаар 7-8 хувьд хүрч мэдэхээр байгаа аж. Иймээс зардлаа танах, орлогыг бодит байдалтай уялдуулж зөв тооцох, нэн ялангуяа “Чингис” бондын хөрөнгийн зарцуулалтад анхааралтай хандаж гол нь баялаг бүтээхэд ашиглах нь чухал байгаа, түүнчлэн бондын хөрөнгийг ашигласан мөнгөн дүнг төсөвт зөвөөр тусгах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хатагтай Корали Геверстэй санал нэг буйгаа дурдаад энэ оны манай төсөвт урсгал зардал нэмэгдсэн, иргэддээ хүртээх юм бага туссан тал бий. Гол нь Засгийн газар хэрхэн ажиллахаас төсвийн хувь заяа шалтгаална. Иймээс төсөв болон бондын асуудлаар хамтарч ажиллахын төлөө байна гэдгээ хэллээ. Мөн улс орны эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар сонирхлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.