logo
УИХ-ын гишүүнд мэдээлэл өгөхгүй цааргалж байгаа нь хардлага төрүүлж байна гэв

УИХ-ын гишүүнд мэдээлэл өгөхгүй цааргалж байгаа нь хардлага төрүүлж байна гэв

2013/01/24
УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /нэгдүгээр сарын 23/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж,  УИХ-ын сонгуулийн дараа эмхлэн байгуулагдсан Засгийн газраас яам, агентлаг, төрийн захиргааны зарим байгууллагуудын бүтцийг шинэчилж буйтай холбоотойгоор удаа дараагийн томилгоо хийхдээ хууль бус үйлдлүүд гаргаж, төрийн албан хаагчдыг хууль бусаар халж байна хэмээн мэдэгдлээ.   

   Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт ярихдаа:

  -Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хүний нөөцийн хөдөлгөөн хийх шаардлага гарах нь ойлгомжтой боловч үүнийг тохиолдол болгоноор нь зохицуулсан хуулийн заалтыг чанд баримталж явуулах учиртай. Ялангуяа Төрийн албаны тухай хууль, Төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн бүх шатны албан тушаалд зөвхөн сонгон шалгаруулах замаар томилогдох ёстой. Гэтэл Засгийн газраас одоогийн байдлаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалын сул орон тоог тус яаманд байгаа төрийн албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэхийн оронд Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан хэм хэмжээний агуулгыг илт зөрчсөн өөрчлөлтийг түр орлон гүйцэтгүүлэх журамд оруулан сонгон шалгаруулалтгүйгээр түр томилгоонууд хийж “Төрийн албыг төрлийн алба болгож байна” гэв.

     Тэрбээр  “Төрийн албаны халаа сэлгээтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр асуулга тавьсан боловч асуулгын хариуг өгөх хуулийн хугацаанаас 11 өдрөөр хэтэрч хариуг өгсөн. Мөн хариуг бүрэн гүйцэд өгөөгүй бөгөөд дахин нэгтгэж, албан ёсны шийдвэрийн хуулбарыг илгээнэ гэсэн боловч өдгөө 3 сар өнгөрөөд байхад асуулгын хариуг бүрэн гүйцэд өгөхөд анхаарахгүй байгаа нь  Үндсэн хуулийн 1-2 дахь заалт, 41 дүгээр зүйл, мөн УИХ-ын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.-т “Асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгнө” гэж заасныг тус тус зөрчиж байна. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын чуулган дээр асуулгын хариуг бүрэн гүйцэд өгсөн мэтээр ташаа мэдээлэл өгч  байгаа нь албан бичгээр өөрийн гарын үсгийг зурж илгээсэн мэдээллээ өөрөө үгүйсгэсэн явдал боллоо. Төрийн алба хэмээх шалгуур өндөртэй, хууль, журмаар явдаг томилгоог ямар журмаар хэрхэн зохицуулж халаа сэлгээ хийснийг тодруулах гэсэн УИХ-ын гишүүнд мэдээлэл өгөхгүй хаалттай байгаа  Засгийн газар жирийн иргэдэд нээлттэй байж чадна гэдэг нь эргэлзээтэй. Ийнхүү цааргалсаар байгаа нь хууль бус томилгоо хийсэн байх гэсэн хардлага төрүүлэхэд хүргэж байна” хэмээн ярьсан юм.

   Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Төрийн албан хаагчдын холбоо /ТАХХ/-ны тэргүүн Б.Энхбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Батбаатар нар мөн мэдээлэл хийсэн бөгөөд тэд “ТАХХ-ны зүгээс  Үндсэн хуулийн цэцэд төрийн албан хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хандаад 2 сарын хугацаа болж байгаа ч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа, тэгэхээр Үндсэн хуулийн цэц ч өөрөө хуулиа хэрэгжүүлдэггүй болжээ” хэмээн тэмдэглээд “Өмнөх Засгийн газар 11 яамтай, яамд нь нийт 929 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 16 яамтай 1625 албан хаагчийн орон тоотой ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл, яамдын орон тоог нийт 696 хүнээр буюу 80 гаруй хувиар нэмсэн. Засгийн газар “Агентлагуудын тоог багасгасан учраас орон тоо нэмээгүй” гэдэг тайлбар хийдэг боловч төрийн албан хаагчдын цалин хөлсний нийт зардлыг 2013 онд 210 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Нэг төрийн албан хаагчийн сарын дундаж цалинг 500 мянган төгрөгөөр тооцоход энэ нь 33 мянган хүний цалинтай тэнцэхүйц зардал юм. Мөн 2013 оны бараа үйлчилгээний бусад зардалд 1 их наяд 70 тэрбум төгрөгийн зардал гаргахаар тооцсон нь өмнөх жилээс даруй 200 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Төр хүчтэй байх нь улс орны үндэсний аюулгүй байдлын нэг үндэс болдог тул төрийн албанд улс төрийн шалгуураар бус хууль журмын дагуу томилох ёстой”  хэмээн мэдэгдсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш