logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзлаа

2013/01/24

Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийлээ. Ажлаа ил тод явуулах, аливаа шийдвэртээ иргэдийн үгийг сонсох, үр дүнгээ буцааж тайлагнадаг байх нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зарчмууд болохыг Ерөнхий сайд тодотголоо. “11 11 төв”-өөр дамжуулан өдөр бүр бүх сэдвээр, “Шинэчилж шийдье-222” уулзалтаар сар тутамд тухайлсан сэдвээр иргэдийнхээ санал бодлыг байнга сонсож буйн дээр өглөө бүрийн 08.40-11.00 цагт  улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудалтай биечлэн танилцаж, олон салбарынхны үгийг сонсож, шийдэл эрэлхийлж байгаагаа Ерөнхий сайд хэллээ. 

Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллагын төлөөлөл МУИС-ийн дугуй танхимд болсон нээлттэй ярилцлагад ирж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлуудаар ярилцлаа. Ингээд сэтгүүлчдийн асуулт, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хариултыг тоймлон хүргэе. 

“ММ” агентлагийн тоймч Ц.Цэнд:
- Жилийн энэ үед өргөн хэрэглээний барааны үнэ ханш нэмэгддэг. Засгийн газраас өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнийг барина гэсэн. Энэ зорилтдоо хүрч чадаж байна уу?

- Засгийн газраас чухалчлан анхаарал тавьж байгаа асуудлын нэг бол бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй хазаарлах. Бид юун түрүүнд иргэдийн хамгийн хэрэгцээтэй, мах, гурил, тээвэр, барилгын материал, нефть шатахууны үнийн өсөлтийг хазаарлах бодлого хэрэгжүүлж байгаа. Өргөн хэрэглээний голлох бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар Монголбанктай гэрээ байгуулан тодорхой ажлууд хийж эхэлсэн. Үр дүн эхнээсээ харагдаж байгаа. Жил бүрийн цагаан сарын үеэр, тодруулбал 1-3 дугаар сард барааны үнэ нэлээд өсдөг жишиг тогтсон. Өсдөг үе нь гээд зөнд нь орхилгүй Шинэчлэлийн Засгийн газраас таван хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласны дүнд жилийн энэ үед үнийн өсөлт харьцангуй бага хувьтай байна. Өмнөх жилүүдэд 100, 200 төгрөгөөр нэмэгддэг байсан бол энэ жил 20, 30 төгрөгөөр өссөн байх жишээтэй. Энэ бодлогоо  үргэлжлүүлнэ. Цагаан сарын өмнө махны эрэлт ихэсч, үнэ нь өсдөг учраас нөөцийн махнаасаа худалдаанд гаргах чиглэл өгсөн, ойрын өдрүүдэд борлуулж эхэлнэ. Ингэснээр махны үнийн өсөлт тодорхой хэмжээгээр буурах байх. 

- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын ээлжит хуралдаанд оролцох үеэрээ төмөр зам, V цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, Дарханд барих нефть боловсруулах үйлдвэр зэрэг улс орны эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын төслүүдээ яаралтай эхлүүлэх талаар тодорхой чиглэл өгсөн. Эдгээр ажлыг товлосон хугацаандаа эхлүүлэх боломж байгаа юу?

- Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр юу хийв, цаашид яах вэ гэдэг асуудлаар мэдээлэл сонсч, зарим асуудлаар чиглэл өгөхөөр Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд оролцсон. Хийсэн ажлын үр дүнд агаарын бохирдол бага хувиар ч гэсэн буурсан, агуулагдах хорт бодисын хэмжээ нэлээд багассан байна гэдгийг хариуцсан яам, үндэсний хороо тайлагнасан. Утаагүй зуухаар хангахаас гадна тэр зуухандаа утаагүй түлш түлдэг болох зорилтдоо хүрээгүй, зарим ажилд алдаа дутагдал гарсан байгаа учраас Шинэчлэлийн Засгийн газар энэ чиглэлд хийж буй ажлуудыг үргэлжлүүлж, ойрын 2-3 жилд нийслэлийн утааг 60-70 хувь бууруулна. Гэхдээ зөвхөн утаатай тэмцэх биш барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй нь цуг шийдэх бодлого төлөвлөгөөгөө тэр үеэр ярьсан. Энэ талаар сэтгүүлчид төдийгүй иргэд нээлттэй мэдээлэл авсан гэж бодож байна. 

“ТМ” телевизийн Ерөнхий редактор С.Эрдэнбаяр: 
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн байдал ямар байгаа вэ. Цагаанхад дахь нүүрс ачиж буулгадаг компанид өрөө төлж дуусаагүй байгаа учраас олборлох үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. “Чалко”-той байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах боломж бий юү? Энэ чиглэлээр ер нь ямар ажлууд хийж байна вэ?

-Тавантолгой гэдэг компани өрөндөө баригдсан байгаа. Монгол Улсын арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй, өрөндөө сар бүр хүү төлж  байгаа. Мөн “Чалко”-гоос 350 сая ам.доллар зээлсний 190 орчим тэрбумыг нь төлөөгүй. Өөрөөр хэлбэл, энэ компани 300 орчим тэрбум төгрөгийн өрөнд баригдчихсан. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэгчлэн энэ компани өөдлөхгүй байна. Зээлсэн мөнгөний хүү нь манай бондын хүүгээс өндөр учраас тэднийд өндөр хүү төлснөөс эхний ээлжинд өрийг нь бондоороо даруйхан дарах талаар ярьсан. Өрийг нь дарсан ч энэ компани ашигтай ажиллахад хэцүү. Учир нь “Чалко”-той байгуулсан гэрээ ашиггүй, тун хохиролтой. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 100 байхад 70-аар нийлүүлэх, 70 байхад 50-иар өгөхөөр гэрээлчихсэн. Ашиггүй гэрээнээсээ салъя гэвэл тэр компанид 50 сая ам.доллар төлөх заалттай. Гэхдээ улс л юм чинь эндээс ямар нэгэн байдлаар гарах хэрэгтэй. Улсаас тэр төлбөрийг төлж гэрээгээ цуцлаад ашиггүйгээр нүүрсээ гаргадгийг зогсооё, илүү үнээр авах газруудад нүүрсээ заръя гэж ярьж шийдэж байгаа. 

 

- Дархан-Газрын тосны үйлдвэрийн явц ямар байгаа вэ. ОХУ-аас нефть оруулж ирээд Дарханд боловсруулах нь үнэн үү?

- Нефть боловсруулах үйлдвэр барих чиглэлээр 10 гаруй компанийн танилцуулгыг Засгийн газрын гишүүд сонссоны эцэст Дархан-Газрын тос нефть боловсруулах үйлдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь ч энэ асуудлыг Засгийн газрын түвшинд олонтаа ярьсан ч шийдэлгүй өдий хүрсэн юм. Хагас сарын өмнө Шинэчлэлийн Засгийн газраас шийдвэр гаргаж, жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулах газрын тосны үйлдвэрийг 2015 он гэхэд Дарханд ашиглалтад оруулахаар болсон. Хоёрдугаар сардаа багтааж Японтой хэлэлцээр хийнэ. Япончууд энэ үйлдвэрийг бондоос ч хямдхан зээлээр санхүүжүүлье гэсэн учраас энэ зээлийн талаар хэлэлцээр хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад, газрын тосны үйлдвэрт төр болон хөрөнгө оруулагчид хэд хэдэн хувийн оролцоотой ажиллахыг тодруул гэж Уул уурхайн сайдад үүрэг өгсөн. Хоёрдугаар сард багтаан энэ үйлдвэртэй холбоотой гол ойлголт мэдээллүүд тодорхой болно. Энэ асуудал дээр олон нийт, мэргэжилтнүүдийн зүгээс нэг болгоомжлолыг сануулж байгаа. Юу вэ гэхээр, үйлдвэрт боловсруулах түүхий нефтийг гаднаас авна. Оросоос бензин дээрээ нэмж нефть авч боловсруулахаар нэг газраас хамааралтай хэвээр байна, ямар ч ялгаагүй гэсэн. Үнэн хэрэгтээ маш их ялгаатай. Бид жилдээ 360 орчим мянган тонн газрын түүхий тос гаргаж байна. Энэ тоо цаашид өснө. Энд онд бид Дорнодоосоо 700 гаруй мянган тонн, 2014 онд бүр сая гаруй тонн түүхий тос олборлоно. Өөрөөр хэлбэл, Монгол гэдэг айл нэг газраас хараат биш, түүхий нефтийнхээ нөөцийг гадна болон дотоодоосоо хангах юм. Бид газрын тос гаргаж байгаа хэрнээ боловсруулах үйлдвэргүй учраас л бензин түлшний гачаалаас гарч чадахгүй байна шүү дээ.

“С1” телевизийн Мэдээний албаны дарга Ц.Батцэнгэл:
- Монгол-Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаан дээр Оросын тал шатахуун түгээх 100 станц барих саналаа дахин тавьсан. Манай талаас үүнд ямар хариу өгөх вэ?

- Би өнгөрсөн дөрвөн жилд Монгол-Оросын Засгийн газрын комиссын Монголын талын даргаар ажилласан хүний хувьд энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлдэг. ОХУ-ын зүгээс шатахуун борлуулах жижиглэнгийн худалдааны станц барья гэдэг санал тавьдаг. Бид нэг л хариу өгдөг. Монгол Улсын газар нутагт шатахууны жижиглэнгийн худалдааг гадаадын компани эрхлэх боломжгүй, харин бөөний худалдаа эрхэлж болно гэсэн хариулт. 

- Гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийнхэн тасалбарынхаа үнийг 600 төгрөг болгоно гэж, Засгийн газарт шаардлага тавиад байгаа. Энэ асуудал яаж шийдэгдэх бол?

- Нийтийн тээвэр болон баруун, зүүн талдаа хүрдтэй машины асуудлыг нийслэл дээр ярих ёстой. Засгийн газар дээр нийтийн тээврийн үнийг ярьдаггүй. 

“25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч С.Насанжаргал:
- Төмөр замын царигтай холбоотой маргаан гарсан. Энэ талаар М.Энхсайхан даргын баримталж байгаа бодлогыг та дэмжиж байгаа юу?

- Төмөр замын царигийг Н.Алтанхуяг, Х.Баттулга, М.Энхсайхан шийдэхгүй. Төмөр замын цариг гэдэг бол төрөөс баримтлах бодлого юм. Монгол Улсын төмөр зам өргөн царигийн байхыг УИХ-аас тогтоож өгсөн. Энд ганцхан өөр ойлголт, өөр өгүүлбэр байгаа. Хэрэв экспортод шууд гарахаар байгаа бол ямар царигаар барих талаараа Засгийн газраас УИХ-д оруулж шийдүүлэхээр заасан. Иймд бид өргөн нарийн гэдэг дээр маргаад байх зүйлгүй. ТЭЗҮ-ээс авахуулаад бүх бодлого чиглэл өргөнөөр хийгдсэн байгаа. Зарим хүний хувьд нарийн царигтай байвал эдийн засгийн үр ашигтай юм биш үү гэдэг санал гардаг. Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөнөөр хийгдсэн. Гэхдээ энэ бол зөвхөн эдийн Засгийнүр өгөөжөөс бус бусад үндэслэлээс хамаардаг том асуудал. Монгол Улсын төрийн бодлогоор батлагдсан зүйл. 

- Та шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас сайтуудын сэтгэгдлийг хянах гэж оролдож байгааг коммунист маягийн шийдэл гэсэн шүүмжлэл байгаа?

- Шүүмжлэлийг хүлээж авдаг. Шинэчлэлийн Засгийн газар өөрсдийгөө сайхан, гоё болгож харагдуулах ямар ч шаардлага байхгүй. Сардаа ганц шүүмжлүүлэх нь хугацааны хувьд дэндүү хол учир “11 11 төв”-өөр дамжуулж өдөр болгон шүүмжлэл хүлээж авч байна. “11 11 төв”-д 26 мянган иргэн хандсаны 80 хувь нь шүүмжлэл хэлсэн. Шүүмжлэлүүдийг Ерөнхий сайд 7 хоногт 2 удаа сонсдог, сонсдог учраас бид ард түмэнд нийцсэн ажил хийж байгаа. Ирсэн санал хүсэлтээр бид нүүрсний үнийг бууруулсан, хадгаламж зээлийн хоршооныхныг хүлээн авч уулзаад гацсан асуудлыг нэлээн урагшлуулсан. Бид шүүмжлэлээс айдаггүй, цаашид ч илүү сайн шүүмжлээрэй. Иргэд, дарга нар нь тусдаа юм ярьдаг биш, хамтраад асуудлыг шийддэг болж байна. Сайтуудын хувьд, та бүхэн өөрсдөө бодож тунгаа. Унаган багаасаа ардчиллын үзэл баримтлалаар явсан хүний хувьд надад хэвлэл мэдээллийг хааж боох хүсэл огт байхгүй. Гагцхүү хариуцлагатай баймаар байна. Сайтад гарсан материал дээр “би Алтанхуяг байна” гээд шүүмжил л дээ. Яагаад нэрээ нууцлаад байгаа юм. Нэргүйгээр хүнийг гутаан доромжилдог байдлыг л зохицуулъя гэсэн юм. Хаах гээгүй, хянахгүй. Сонгуулийн үед намууд 10 хүн хөлслөөд гүтгэлэг доромжлол, тархи угаасан сэтгэгдэл бичүүлдэг. Үүнийг хааж чадахгүй болохоор нөгөө нам нь 20 хүн хөлслөөд сэтгэгдэл бичүүлдэг. Ийм дайныг зогсоож чадахгүй болохоор ил болгох гэсэн юм. Америкийг жишээ болгон авч үзье. Ямар ч сэтгэгдэл бичиж болно, гэхдээ нэр усаа ил тавиад. Хэн нэг иргэний эрх зөрчигдөхөд хэн бичсэн нь тодорхой байх хэрэгтэй. 

"Өдрийн шуудан" сонины сэтгүүлч Б.Энхжаргал:
-Төрийн байгууллагын зарим дарга, албан тушаалтны үүрэг гүйцэтгэгч томилох болсон. Үүрэг гүйцэтгэгчид хэзээ жинхлэх вэ?

- Өнгөрсөн таван сард бид өнгөрснөө ухаж төнхөөгүй. Гэхдээ босгож ярьж, хариуцлага хэлэлцэхээс аргагүй асуудлууд зөндөө байна. Босоогүй бүх обьект, хийгдээгүй бүх ажил энэ хүмүүстэй холбоотой. Өнөөдөр бүгд эх хүүхдэд хайртай болчихсон. Яармагт босох байсан 300 ортой төрөх эмнэлгийг хараарай. 300 ээжийн эмнэлгийг нэг төрийн нарийн бичгийн дарга арван хэдэн тэрбум төгрөгөөр араг яс босгон дампууруулсныг бид намар үзээд хэлсэн шүү дээ. Монголын төлөө ажиллах сэтгэлгүй ийм хүмүүсийг өөрчлөхөөс аргагүй. Тэдний оронд үүрэг гүйцэтгэгч тавихаас өөр арга алга. Хоёрдугаарт, төрийн албан хаагч гэсэн нэрээр нам ажлаа хийдэг. Өмнө нь байсан нам, засаг өөрийнхөө хүнийг тавиад, тэр хүнийг тэр албандаа 10 жил ажиллахаар гагначихсан байсан. Нэг хүнийг ажилд авахын тулд тэр хүнд л зориулсан дүрэм журам гаргадаг байсан. Гуравдугаарт, өчнөөн төчнөөн мөнгө идсэн хүмүүстэй бид шинэчлэл ярих боломжгүй. Энд онцолж хэлэхэд, тэдний хэн нь ч заргалдаагүй. Бүр хариуцлага яригдахаар байгаа. Манай Засгийн газрын хурдыг гүйцэж, ил тод ажиллаж чаддаггүй, өглөө 08.00 цагт ажилдаа ирдэггүй, 10.00 цагаас нааш босдоггүй хүмүүс ихэнх нь өөрсдөө өргөдлөө өгсөн. 

-М.Энхсайханыг МТЗ-ын захирлын албанаас чөлөөлснийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-М.Энхсайханыг томилохдоо ТӨХ-ноос Ерөнхий сайдад хэлж танилцуулсан. Халахдаа хэлээгүй учраас Төрийн өмчийн хорооны даргыг өөрчилсөн. 

BTV телевизийн Ерөнхий редактор Х.Өнөрсайхан: 
-Кабелийн телевизүүдийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдсөн. Тэртэй тэргүй 2014 оноос тоон системд шилжихэд телевизүүд зах зээлийнхээ хуулиар шүүгдчих байсан юм биш үү?

-Манайх 100 гаруй телевизтэй. Сонгуулийн өмнө шалгалт хийгээд шаардлага хангахгүй байгаа телевизүүдийг иргэдэд хүрдэг нэвтрүүлгээ ном ёсоор нь хий, гарч байгаа дүрсээ чанартай болго гэж хэлсэн юм билээ. Хаана гээгүй. Алдаагаа засах үүргийг45 хоногийн хугацаатай өгсөн. Үүнийг жирийн зүйл гэж бодож байна. Аяндаадампуурна гээд хүлээгээд байж болохгүй. Яагаад гэвэл цаана нь иргэд хохирч байгаа. Засаг телевизээр юу гаргахыг хянахгүй, харин сайн чанартай нэвтрүүлэг гаргах, сэтгүүлчийн ёс зүй баримтлахыг шаардана. Яагаад бид нийгмийн өмнө хариуцлага хүлээж болдоггүй юм бэ. Стандарт, ёс зүйтэй байгаасай гэж хүсэх нь хааж боож байгаа хэлбэр биш. Алаан хядаан, садар самуунтай нэвтрүүлгийг баруунд төлбөртэй сувгаар гаргадаг. Бидний хүүхэд алаан хядаан, садар самуунаас ангид, гэрэл гэгээтэй зүйлд тэмүүлдэг байгаасай. 

UBS телевизийн сэтгүүлч Н.Бат-Оргил:
- Засгийн газрын зарим гишүүн, тодруулбал МАХН-ын сайдууд хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. Засгийн гарын тэргүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? Засгийн газрын бүрэн бүтэн байдлаа бодоод энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг чимээгүй өнгөрөөгөөд байх юм уу?

 - Хууль зөрчсөн хүмүүстэй манай Засгийн газар хариуцлага тооцож ажиллахаа хэлсэн. Гэхдээ ам дамжин яригдаж байгаа үгээр Засгийн газар ажил хийхгүй. Өнөөдрийн байдлаар над дээр тодорхой асуудал орж ирээгүй. Хэн гэдэг сайд, дарга, албан тушаалтан яг ямар хууль зөрчиж байгааг оруулаад ир гэж танхимынхандаа хэлдэг. Нотлогдвол хариуцлага тооцолгүй яахав. 

NTV телевизийн сэтгүүлч Х.Батхишиг:
-Саяхан Засгийн газрын зүгээс шатахууны жижиглэнгийн үнийг бууруулахаар ОХУ-тай яриа хэлэлцээр хийсэн нь хэр үр дүнтэй болсон бэ?

-Бидэнд ОХУ бусад оронд нийлүүлдэг шатахуунаасаа 300 ам.долларын өндөр үнээр нийлүүлж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар “Роснефть”-тэй энэ асуудлыг ярьсан. Мэдээж шууд үнийг бууруулчихгүй. Нөгөөтэйгүүр,бид шатахууны жижиглэнгийн худалдааг тогтворжуулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Шатахуун оруулж ирдэг 13 компанид 93 тэрбум төгрөгийн зээл өгч, хариуд нь жижиглэнгийн үнийг тогтвортой байлгаарай гэсэн. Цаашдаа шатахууныхаа бөөний болон жижиглэнгийн үнийг ялгах арга хэрэглэнэ. 

 

"Үндэсний шуудан" сонины Улс төрийн албаны дарга Ч.Гангэрэл:
-“Чингис” бондоор санхүүжүүлэх төслүүд бэлэн болсон уу?

-Өчнөөн тэрбум долларын өрөнд орж байна гэдэг худлаа. Монголбанкинд менежментийг нь өгчихсөн. Монгол улс 2.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй, дээр нь 1.5 ам.долларыг нэмэхээр 4.2 тэрбум ам.долларын нөөцийн менежментийг Монголбанк хийнэ гэсэн үг. Төслийн хувьд яг өнөөдөр гурван том төслийг нэрлэж болохоор байна. Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох төсөл бэлэн байгаа. Тавантолгой дээр босгох цахилгаан станц болон Оюутолгойд 300 МВт-ын чадалтай цахилгаан станц барихад бондын мөнгийг тодорхой хэмжээгээр оруулна. Бас өмнөд төмөр замыг хөдөлгөх хэрэгтэй. Энэ жил хүрз жоотуу хөдөлгөх бол Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх чиглэлд л ажиллахаар байгаа. Цаашдаа бондын мөнгөөр хөдөө аж ахуйг дэмжиж ажиллана. Яг өнөөдөр бол монголчууд хуурай сүү л ууж байна шүү дээ. Бондын мөнгө оруулах боломжтой том төслүүдийн талаар цаашдаа өнөөдрийнх шиг нээлттэй мэдээлэл өгч байх болно. Хэвлэл мэдээллийн салбарын та нар маань харин нийтэд хүргэж, санал шүүмжийг нь сайн сонсгох хэрэгтэй шүү. 

-Шинэчлэлийн Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх үү?

-УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт нь 4.4 тэрбум ам.доллар байсан. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 6.7 тэрбум ам.доллар болгочихоод байгаа. Зөрүү нь 2.3 тэрбум ам.доллар. Энэ их мөнгө. Чингис бондыг 1.5 ам.доллараар эхлүүлж байна. Тиймээс бид яагаад анхны хөрөнгө оруулалт ингэж нэмэгдсэнийг тайлбарлахыг шаардаж байгаа. Тайлбарлаагүй цагт хамтарч ажиллах боломжгүй гэсэн. Ирэх сарын 6-нд Оюутолгойн томоохон удирдлагууд салбарын сайдтай яриа хэлэлцээр хийх гэж байгаа. 

"Ийгл" телевизийн сэтгүүлч У.Дэлгэрцэцэг:
-Монгол Улсын иргэд давуу эрхийн хувьцаагаа хэзээ авах вэ?

-“Эрдэнэс МГЛ” компани давуу эрхийн хувьцаагаа монголчууддаа өгнө. Гэхдээ энэ компани стратегийн 15 ордынхоо хувьцааг бүгдийг бөөгнүүлж чадаагүй байгаа. Дараа нь стратегийн ордод багтах боломжтой ордуудыг судлах хэрэгтэй. Түүнээс биш шууд хоосон хувьцаа өгөхөд эрт байна. 

-Уран олборлолтын асуудалд Засгийн газар хэрхэн хандаж байгаа вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ураны хаягдлыг булахгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн ураныг шар нунтаг хүртэл л боловсруулна. Шар нунтгийн цацрагийг хэмжихэд агаарт байх хэмжээтэй ойролцоо гардаг. Ийм хэмжээнд боловсруулсан тохиолдолд хор нөлөөгүй. Гэхдээ олборлолт хийх тухайн нутгийнхаа иргэдтэй 100 хувь ойлголцсон байх зарчмаар ажиллана. Би энэ талаар твиттэр хуудсандаа бичсэн. Гэтэл хүмүүс намайг твиттэрийн цаанаас "Алтанхуяг биднийг цацрагаар хордуулаад алах гэж байна" гэж бичиж байна. Шар нунтаг болон агаарт байгаа цацрагийн агууламж тусгай багажаар хэмжихэд тийм ч их зөрүүтэй байдаггүй. Твиттэрийн цаана нуугдаад, олон юм яриад байхын оронд өөрийгөө илчлээд гараад ир, тайлбарлаж өгөхөд би бэлэн байна. Ер нь бид бие биеэ далдуур муулахаас илүүтэй тулж ярилцаад шийдлээ гаргаж байя гэж би уриалсан. Манай Засгийн газар оролцоог бүрдүүлэх Засгийн газар шүү. 

-Сүүлийн үед цахилгааны хязгаарлалт хийх болсон. Цахилгааны шинэ эх үүсвэр барих хүртэл цахилгааны доголдлыг хэрхэн зохицуулах вэ?

-Тавдугаар цахилгаан станц барих асуудлыг Засгийн газрын хуралдаанаар долоон удаа ярьж байж сая шийдсэн. Улаанбаатар дотор барих нь буруу гэж үзсээр ингэж удсан юм. Багануурт барья гэлээ. Гэтэл Улаанбаатарт дулаан хэрэгтэй болохоор нийслэлийн ойролцоо барих хэрэгтэй болсон. Эцэст нь, дулааны дутагдалтай байгаа нийслэлийн зүүн талд, Ургах наран хорооллын урд талд барихаар шийдвэрлэлээ. Энэ цахилгаан станц босотлоо удах нь үнэн. Тэр хооронд дөрөвдүгээр цахилгаан станцад 100 МВт-ын турбин суурилуулна. Гэхдээ Орост захиалга өгч, авчраад угсартал 1 жил зургаан сар болно. Энэ жилийн өвлийн хүнд ачааллыг үндсэндээ аргалаад өнгөрлөө. Битүүний шөнө дахиж нэг ачаалал гарна. Түүнийг давчихвал энэ жилдээ гайгүй. Ирэх жил бид жижиг чадал оруулж ирэх, эсвэл Оросоос импортоо нэмэгдүүлэхийн аль нэгийг шийднэ. Амгаланд дулааны станц барих гэж байгаа. “Ус-15”-ын дулааны станцыг жилийн дотор ашиглалтад оруулна. Хажуугаар нь нар, салхины хэдэн станц ашиглалтад орно. Иймэрхүү байдлаар энэ зун асуудлуудыг шийдвэрлэнэ. 

“Шонхор суваг” телевизийн Ерөнхий редактор Ө.Отгонбаатар: 
-Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газар ямар төлөвлөгөөтэй байна?

-Шинэ газруудад орон сууц барих яамны ажлын хэсэг, гэр хорооллыг дахин төлөвлөх нийслэлийн ажлын хэсэг, иргэдийг 20-30 жилд орон сууцтай болох ажлын хэсгүүд ажиллаж байна. Өмнөх Засгийн газар сонгуулийн өмнө 6 хувийн хүүтэй зээл өгнө гэсэн нь байрны үнийг өсгөчихсөн. Хашаа байшингаа заран байжурьдчилгаа төлсөн иргэд одоо метр кв нь 900 мянгаас 1,7 сая болж өссөн үнээр байраа авах болчихоод байна. Зээлийн хүү бага ч гэлээ иргэд үнэндээ 12 хувийн хүүтэй зээл авсантай адил хэмжээний ачаалал үүрч байна. Иймд манай Засгийн газраас барилга барих гэж байгаа компаниудын дэд бүтцийг хийж өгөх, бага хувийн хүүтэй зээлээр хангаснаар 1 метр кв нь сая орчим төгрөгийн үнэтэй байр бариулах, гэхдээ 6 хувийн хүүтэй зээлээр иргэдэд байр олгох бодлого барьж байна. 

-Хүүхдийн өвчлөл их байна. Хүүхдийн эмнэлэг байгуулах асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийх боломжийг хоёр тэрбум төгрөгөөр бүрдүүллээ. Өнөөдөр цусны өвчтэй хүнд манайх ямар ч эмчилгээ хийж чаддаггүй байсныг мөн шийдсэн. Ирэх намар гэхэд Монголд чөмөг шилжүүлэн суулгаж, цусны өвчтэй хүн амьдрах боломжтой болно. Гадаадад энэ төрлийн мэс заслыг ихээхэн өндөр үнээр хийдэг. Түүнчлэн Эх нялхас дээр таван сартай ургаас нэг сартай нярайг оношлон эмчилдэг төв байгуулна. Бас хүүхдэд зүрхний хагалгаа хийдэг төвтэй болно. Энэ бүхэн 5-6 тэрбум төгрөгөөр босно. Нэг эмнэлгийн асуудлаар хэрэлдээд суугаад байхыг бид хүсэхгүй байна. 

 

Сэтгүүлч Ч.Даваадорж:
-Хөрөнгийн бирж дээр та саяхан очиж тууз хайчлан, энэ салбарт шинэ үе эхэлж байгааг мэдэгдсэн. Энэ салбарын хөгжил үнэн хэрэгтээ шинэ шатанд гарч чадсан уу?

-Тууз хайчилсан нь үнэн. Өнөөдөр зөвхөн банкинд мөнгөө хадгалуулахаас өөр хөрөнгө хөдөлгөдөг бүтэц манайд байхгүй байна. Манай компаниуд манай хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгох боломжгүй байна. Харин менежментийн шинэчлэл хийснээр дэлхийн хөрөнгийн зах зээлийн сүлжээ рүү манайх нэвтэрч орох гарц нээгдсэн. Хууль журам, шалгаруулалт гээд бүх шатны дэд бүтцийг нь Засгийн газар бий болгож байгаа. Энэ салбарын нарийн ширийн, алдаа оноог хариуцсан хүнээр нь яриулж, олон нийтэд тодорхой мэдээлэл өгч болох юм. 

"NBS" телевизийн Мэдээний албаны дарга Т.Оюумаа: 
-Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа өөр намын сайдуудынхаа улс төрийн үйлдлүүдэд та хэрхэн ханддаг вэ?

-Би сайд нарынхаа ажлыг Засгийн газрын ажлаа хэр хийж байгаа вэ гэдгээр нь л дүгнэдэг. 

"Монгол" телевизийн Мэдээний албаны дарга А.Бүрэнбаатар: 
-Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргана гэж байгаа. Энэ хэр зөв шийдвэр вэ?

-Бид ирэх дөрөвдүгээр сараас төрийн үйлчилгээг төрийн байгууллага дээрээс биш мэдээллийн технологийн орчин үеийн шийдлүүдэд түшиглэн шуурхай, чирэгдэлгүй явуулахаар зорьж байгаа. Гэтэл иргэний мэдээлэл нууцын зэрэгтэй байдаг нь энэ ажилд маш их хүндрэл үүсгэж, чөдөрлөж байна. Монгол Улсын 2,8 сая иргэний хурууны хээний сан нууц байх, харин тухайн иргэний төрийн үйлчилгээ авахад шаардлагатай мэдээллүүд нууц биш байх нь зөв гэж үзэж байгаа. Мөн, хиймэл дагуулаас авч байгаа зураг дээр гэр хорооллын айлын жорлон хүртэл тод гарчихаад байхад зарим масштабын газрын зураг нууц гэх нь ямар ч утгагүй. Ийм хоёр мэдээллийг л нууцаас гаргаж хэрэглээнд нэвтрүүлье гэснээс биш хувь хүний нууцыг нээлттэй болгоё гээгүй. 

МҮОНР-гийн захирал Л.Цэрэн-Очир: 
-МИАТ ХК-ийн мөнгө угаасан асуудал яригдаж эхэллээ. Энэ талаар таны байр суурь?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн шударга ажиллахыг зөвхөн урагшаа харж ажиллахыг зорьсон. Гэтэл тэр сайд нь тэнд мөнгө идсэн байна, энэ нь ингэж хариуцлага алдсан байх гэх мэдээ ар араасаа гараад байгаа учир улам хариуцлагажуулах, ил тод ажиллах шаардлагатай болоод байна.  МИАТ-ийг ашиггүй ажиллуулж байсан нь үнэн. Тиймээс энэ хүмүүст хариуцлагыг нь хуулийн дагуу хүлээлгэнэ. 

 

"Эх орон" телевизийн Мэдээний албаны дарга Э.Нэргүй: 
-Аймгуудын Засаг дарга нарын томилгоотой холбоотой асуудлаар таныг сөрөг хүчин ихээхэн шүүмжилж байна. Чухам яагаад үүрэг гүйцэтгэгч гэж томилсон юм бэ?

-Хоёр аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Хөвсгөл, Дорнодынх. Хөвсгөлийн хувьд, нэг л хүнийг Засаг даргад зүтгүүлээд байгаа, түүнийг Авлигатай тэмцэх газраас болохгүй гэсэн учраас үүрэг гүйцэтгэгч томилсон талаар өмнө ч хэлсэн. Өчигдөр Говь-Алтайн Засаг дарга томилогдсон. Одоо томилогдоогүй үлдсэн гурван аймгийн хувьд надаас шалтгаалж саатаж байгаа юм байхгүй. Сэлэнгэ, Говьсүмбэрт маргаантай, хурлаа хийхгүй байгаа. Дундговьд хоёр нэр дэвшигчийн саналын дүн тэнцсэн, хүлээгдэж байгаа. Хоёр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон асуудал надтай холбоотой нь үнэн. Гэхдээ би өөрөө шинэ журам гаргаад ирчихсэн юм биш, 2004 онд ийм нөхцөл байдлаас шалтгаалж дөрвөн аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр түр томилж байсан. Энэ жишгийн дагуу ажил явагдсан. 

Ийнхүү хоёр цаг үргэлжилсэн нээлттэй ярилцлагаар анхаарал татсан олон сэдэв хөндөж, шийдэл шийдвэрлэлтийн төлөвлөгөө болон явцын талаар Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээс сэтгүүлчид тодорхой хариултууд авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш