Уг сургалтад Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, нийслэлийн болон орон нутгийн удирдлагууд оролцсон юм. Япон улсын “ЖАЙКА” байгууллага судалгаагаар хөдөө орон нутаг, гэр хорооллын оршин суугчдад боловсронгуй хучилттай хэрэглээний зам барих хэрэгцээ өндөр байгааг нэгэнтээ тодорхойлсон билээ. Энэ дагуу Монгол, Японы Засгийн газрын хоорондын зөвшилцлөөр Өвсний үндэс Техник туслалцаагаар хэрэгжүүлэх “Гэр хорооллын амьдрах орчинг сайжруулж Монгол орны хөдөлгөөний эрчим багатай хэсэгт хучилттай зам барих” төсөл 2004 оноос хэрэгжиж эхэлсэн юм.
Хөдөлгөөний эрчим багатай хэсэгт зам барих” MNS үндэсний стандартыг баталсны дагуу дээрх төслийн технологийн дагуу барих зам нь өртөг хямд байхаас гадна ажилгүй иргэдийг зам барих ажилд татан оролцуулах, мэргэжлийн дадлага туршлагатай ажилчдыг бэлтгэх боломж бүрдэж байгаараа ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, нийслэл орон нутгийн удирдлагууд “Хөдөлгөөний эрчим багатай хэсэгт зам барих” ажлыг орон даяар эхлүүлснээр ажилгүй иргэдээ орлогтой болгох, цаашлаад иргэдийн эрүүл, ая тавтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх тулгамдсан асуудлаа давхар шийдэх юм.