Зам, тээврийн сайд А. Гансүх Стандартчилал хэмжил зүйн газрын даргатай уулзав. Зам, тээврийн Сайд А.Гансүх энэ сарын 22-нд Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Т.Энхтайваныг хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтад Зам, тээврийн яам болон Стандартчилал хэмжил зүйн төвийн холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр гаргасан томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үндэсний стандартыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай ажээ. Тиймээс Монгол Улсын Шадар сайдын тушаалаар энэ оны эхний улиралд багтаан улсын хэмжээнд мөрдөж буй нийт стандартын үзлэгийг эхлүүлсэн. Салбарын хүрээнд нийт 260 стандартын шинжлэх ухаан техникийн түвшинг тодорхойлоод байна. Түүнчлэн Стандартчилал хэмжил зүйн газартай Зам, тээврийн яам салбарын стандартыг боловсронгуй болгох дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон юм.
Уулзалтын гол зорилго ч 2016 он хүртэл хэрэгжих уг хөтөлбөрт тусгагдсан асуудалд санал бодлоо солилцоход чиглэгдэж байлаа. Зам, тээврийн салбарын хувьд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох, шинээр 1800 км төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон ажлууд эхлэхийн өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэ техник технологийг нэвтрүүлж, нутагшуулахаас эхлээд олон асуудалд үндэсний стандартуудыг боловсруулах, шинэчлэн батлуулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Иймд хамтарсан ажлын хэсгүүд байгуулж хоёр талаас дэмжлэг үзүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзэв.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийт 150 стандарт худалдан авах, орчуулан боловсруулах юм. Хөтөлбөрийн хүрээнд зам, тээврийн салбарт авто зам, авто тээвэр, иргэний нисэх, төмөр зам, далай ашиглалтын салбарын стандартчиллын техникийн хороо шинээр байгуулж, талууд хэрхэн хамтарч ажиллах талаараа ярилцлаа. Түүнчлэн “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг” /MNS 4410 : 2002 стандартыг шинэчлэн боловсруулах асуудлыг хөндөж, уг асуудлыг яаралтай ажил хэрэг болгоход хоёр тал хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Харин “Хүнд даацын тээврийн хэрэгсэл” Техникийн ерөнхий шаардлага /MNS 6278 : 2011/ стандарт нь зам, тээврийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм болон техникийн баримт бичгүүдтэй зөрчилдөж байгаа асуудлыг авч хэлэлцээд энэ тухай жичид нь ярилцаж, хамтдаа гарц олохоор тохиролцсон юм.