УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Тодорхой асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулан ажиллуулж болно” гэж заасан байдаг. Хуулийн энэхүү заалтыг үндэслэн УИХ-ын нэр бүхий гишүүд уул уурхайн хөгжлийн асуудлаар түр хороо байгуулах тогтоолын төслийг санаачлан боловсруулж өнгөрсөн оны сүүлчээр өргөн барьсныг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн гишүүн Ц.Даваасүрэн “Байгалийн баялгийн ашиглалт, уул уурхайн асуудлаар нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хандах талаар анхаарах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байдаг. Гэтэл одоо хаана ямар лиценз олгосон, хэн юу хийж байгааг төр мэдэхээ болилоо. Бид баян төрөөгүй, бүгдээрээ баяжчихаагүй байна” гээд энэ асуудалд анхаарч ирцээ бүрдүүлж оролцох нь чухал байна гэдгээ хэлэв. Харин гишүүн Н.Номтойбаяр түр хороо байгуулах тогтоолын агуулга, зорилгын тухайд зөрөх юм алга. Харин үүнийг далимдуулаад төрийн нэр барьсан дарамт, шахааны бизнес газар авах бий гэдгийг бас бодолцох учиртай. Заавал түр хороо гэхгүйгээр Эдийн засгийн юм уу, Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг гаргаад хяналт тавиад явахад болохгүй юмгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 47 гишүүний 55.3 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.