logo
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг татан авлаа

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг татан авлаа

2013/01/25
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.01.24-ний өдөр/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан эхний гишүүний асуултад ажлын хэсгийн ахлагч болон байнгын хорооны дарга хариулт өгснөөр завсарласан юм.

    Чуулганы үдээс хойшхи хуралдаан хуулиудын төсөлтэй холбогдуулсан гишүүдийн асуултаар үргэлжилж, байнгын хорооны дарга А.Бакей, ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг болон ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.

   Эхлээд гишүүн Ц.Даваасүрэн урьд нь гүтгэлгэсэн тохиолдолд хуулиар эрүүгийн хариуцлага хүлээдэг байсан. Гэтэл төсөлд энэ заалт алга. Ер нь сэтгүүлч биш захиалагч нь гүтгэлэг хийдэг, энэ талаар захын жишээ хэлж болно. Намайг л гэхэд хоёр дүүгээ татвар, гаальд дэд дарга болгосон гэж гүтгэх боллоо. Миний хоёр дүү хөдөөнөө л байгаа. Гүтгэлгийг яаж зохицуулах гэж байгаа юм бэ, хариуцлагагүй явдлыг зад тавих хууль болох юм биш үү гэдгийг лавлав. Энэ талаар байнгын хорооны дарга А.Бакей “Энэ чиглэлээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслөө төсөл санаачлагч буцааж татсан. Эрүүгийн хуулийн шинэтгэлийн хүрээнд энэ асуудлыг зохицуулах юм. Харин сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, аливаа саат тотгор хийхгүй байх зарчмын энэ төсөлд үүднээс зохих өөрчлөлтүүд оруулахаар тусгасан байгаа гэлээ. Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг хэлэхдээ, харин ч эздийг шахаж дарамтлах нь гэсэн яриа их байгаа. Мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаанд дарамт шахалт үзүүлэхгүй байх талаар хөдөлмөрийн гэрээндээ тусгасан байхаар зохицуулж өгч байгаа. Мөн сэтгүүлч гэж чухам хэнийг хэлэх талаар олон улсын хэмжээнд мөрдөж байгаа заалтыг оруулж өгсөн гэлээ. Харин гишүүн Х.Тэмүүжин доромжлох, гүтгэх гэдэг нь хоёр өөр ойлголт,  олон улсын жишгээр доромжлох гэдэг нь эрүүгийн биш иргэний журмаар яригддаг асуудал. Харин гүтгэлгийн тухайд санаатай гүтгэх, гэмт хэрэгт холбогдуулж гүтгэх гэсэн хоёр зохицуулалт бусад улсад байдаг. Энэ асуудлыг олон улсын жишгийн дагуу авч үзэж, эрүүгийн хуулийн шинэтгэлийн хүрээнд зохицуулж шийдвэрлэх боломжтой гэдгээ хэлээ.

     Гишүүн О.Баасанхүү хуулийн нэрийг яагаад Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гэж нэрлэсэн юм бэ, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай заалт нь хаана байна гэдгийг тодруулахад ажлын хэсгийн гишүүн Ч.Сосормаа энэ төсөл нь 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Ерөнхийлөгч эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барихаар бэлтгэж байгаа. Тэр үед багцаар нь оруулж ирэхийн тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авсан юм. Ер нь эрх чөлөө гэдэг нь аливаа дарамт нөлөөллөөс ангид байх, нөгөө талаар хариуцлагатай хэвлэл мэдээлэлтэй байхыг хэлээд байгаа юм гэлээ.

    Харин гишүүн Д.Дэмбэрэл бид хараат бус, бие даасан байдал гэж гоё үгээр яриад байх юм. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэний гарт байна гэдэг талаар тодорхой мэдээлэл бидэнд алга. Олони нийт болохоор УИХ, Засгийн газрын гишүүд, улстөрчдийн гарт байна гэдэг. Асуудал сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу явах ёстой. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэд хэн болох тухай тодорхой мэдээлэл авсны дараа санал хураалт явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Бас сонирхлын зөрчилтэй гэсэн байр сууриа танд хэлсэн гишүүн бий юу гэдгийг УИХ-ын даргаас лавлахад З.Энхболд дарга “Сонирхлын зөрчилтэй гэдгээ надад хэлсэн гишүүн одоогоор алга. Сарангэрэл гишүүнээс эхлээд хэлэх болов уу гэж би харж байна, бусдыг нь сайн мэдэхгүй юм” гэдгээ хэлэв.

    Д.Дэмбэрэл гишүүний саналтай холбогдуулан байнгын хорооны дарга А.Бакей “Одоогоор манай улсад 140 гаруй сонин сэтгүүл, 30-аад телевиз, 20 гаруй радио, нэлээд олон сайтууд байна. Мэдээллийн боломж нэмэгдэж байгаа нь сайн талтай ч тодорхой улстөрч, тодорхой улс төрийн намаас хамааралтай байдалтай нь ч бас харагдаж байна. Тиймээс эрх чөлөөг нь хуулийн хүрээнд эдлүүлье, зохих зохицуулалтыг хийж өгье гэсэн үүднээс төслийг хэлэлцээд явж байгаа гэлээ. Мөн гишүүн М.Батчимэг ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэний гарт байгаад хариулт өгөхийг олон нийт хүлээж байна. Хууль батлагдсанаар энэ асуудал тодорхой болох юм. Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай, Контентын тухай, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай зэрэг хуульд таны санаа зовж байгаа асуудлыг зохицуулах боломжтой гэдгээ хэлсэн юм.

   Ингээд дэгийн хуулийн дагуу Д.Дэмбэрэл гишүүний горимын саналаар санал хураалгахад хуралдаанд оролцсон 49 гишүүний 30 нь буюу 61.2 хувь дэмжээгүй тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов. 

   Төслийн анхны хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлж гишүүн А.Тлейхан, С.Ганбаатар, Ж.Эрдэнэбат нар асуулт асууж тодрууллаа. Ийнхүү гишүүд асуулт асуун байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагч, гишүүд хариулт өгч байтал УИХ-ын дарга З.Энхболд төсөл санаачлагч хуулийн төслөө татаж авахаар болсныг дуулгасан тул энэ асуудлыг цааш хэлэлцүүлэх боломжгүй болж дараагийн асуудалдаа оров.

  УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар төсөл санаачлагч нь санаачилсан төслөө хэлэлцүүлгийн аль  шатанд татан авах боломжтой юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш