logo
Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2013/01/26
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх   тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн /2013.01.25/ үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэв.

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд Монгол Улс түүхэндээ анх удаа газраа иргэддээ өмчлүүлж эхэлсэн. Энэ хууль түүхэн үүрэг гүйцэтгэсэн боловч Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжүүлэх зохицуулалт нь хангалтгүй байсан юм.

   Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэн бүрд газар өмчлөх эрхийг нээж өгсөн боловч уг эрхийг хэрэгжүүлэх механизмыг хуульд тусгайлан зохицуулаагүйгээс хуулийн хэрэгжилт удааширч, дийлэнх иргэн газраа өмчилж авч чадаагүй байгаагийн зэрэгцээ иргэдэд газар өмчлөх эрхээ эдлэхэд нь олон саад, хүндрэл учирч байна. Газар эзэмшиж байсан иргэн л тухайн газраа өмчилж авснаас бусад тохиолдолд иргэд, тухайлбал, орон сууцны байранд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж хомс байна гэж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хуулийн төслийн танилцуулгадаа дурдсан.  

    Тоон үзүүлэлтээс харахад, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөгийн байдлаар нийслэл хотын хүн амын 7.6 хувь буюу 91830 иргэн газраа өмчилж авсан байна. Гэтэл одоо Улаанбаатар хотод 1.2 сая гаруй иргэн амьдарч, ажиллаж байна. Эдгээр иргэд газар өмчлөх эрхтэй, уг эрхийг нь баталгаажуулах шаардлагатай байгаа аж.

   Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  хэрэгжилт хангалтгүй, хуулийг хэрэгжүүлэх хугацааг 5 жил тутам сунгаж хэрэгжүүлж байгаа боловч үр дүн нь харагдахгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

   Нөгөө талаас, хууль хэрэгжүүлэх механизмыг нарийвчлан зохицуулаагүйгээс газар өмчлүүлэх эрх бүхий субъектын хүнд суртал, танил талдаа газар өмчлүүлэх, түүнчлэн авлига гэх мэт нийгэмд сөрөг үр дагавартай асуудлыг бий болгох үүдийг нээж, газар өмчлүүлэх ажиллагаа нь олон нийтэд ил тод бус байна. Мөн иргэн газар өмчлөх өргөдлөө өгсөн боловч шийдэгдэлгүй хугацаа алдах асуудал байсаар байгаа аж.  

   Монгол Улсад иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг иргэнд өмчлүүлэх газар хомс, хязгаарлагмдал байгаатай бус, харин иргэн бүрийн газар өмчилж авах эрхийг нь баталгаажуулахтай холбогдсон механизм, хуулийн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаатай холбон үзжээ.

   Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг нэг мөр болгон иргэн бүрд газраа өмчлөх эрхийг нь баталгаажуулсан, хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвартай үнэт цаас болох газар өмчлүүлэх сертификат олгох,  уул сертификат нь иргэний газар өмчилж авах үндсэн баримт бичиг байх, газар өмчлүүлэх ажиллагааг ил тод байлгах үүднээс газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг нийтэд тогтмол ил тод мэдээлэх зэрэг асуудлыг зохицуулахаар хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

  Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариултаа авлаа. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар гишүүд саналаа хэлсний дараа санал хураалт явуулан хэлэлцэх эсэхийг шийднэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш