logo
Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийлээ

Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийлээ

2013/01/26

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын асуулга тавьсны дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-д танилцуулга хийлээ. 

Өнгөрсөн онд болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн дараа УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан өмнөх бүтцэд ажиллаж байсан зарим яам, агентлагийн үйл ажиллагааг зогсоон, тэдгээрийн чиг үүргийг хуулийн дагуу шинээр байгуулагдсан яамдад шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсан. УИХ-аас баталсан Засгийн газрын тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалын орон тоо хасагдсан тул холбогдох Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлагатай болсон гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэллээ. 

Өөрчлөн байгуулагдсан буюу шинээр байгуулагдсан яамдын хувьд Төрийн нарийн бичгийн дарга нарын хариуцах ажлын хүрээ, чиг үүрэг нь өмнөх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хариуцах ажлын хүрээ, чиг үүргээс өөр юм. Хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн Төрийн нарийн бичгийн дарга нарт тэтгэлэг олгосон гэсэн тайлбарыг тэрбээр өглөө. Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг 11, хэрэгжүүлэгч агентлаг 17, нийт 28 агентлаг байхаар тогтоосон. Ингэснээр өмнө нь тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 31, нийт 43 Засгийн газрын агентлаг ажиллаж байсныг 16-гаар бууруулсан бөгөөд татан буугдсан болон өөрчлөн байгуулагдсан агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлагатай болсон. 

Түүнчлэн зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг хүсэлтээр нь, өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг үндэслэлүүдээр мөн ажлаас чөлөөлсөн байна. 

Засгийн газраас төрийн албыг тасралтгүй хэвийн үргэлжлүүлж, иргэдэд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмжийг алдагдуулахгүй байх зорилгоор шинээр байгуулагдсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон Засгийн газрын зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилон ажиллуулж байна. Ийнхүү томилохдоо Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баримталжээ. 

Өдгөө өөрчлөн буюу шинээр байгуулсан яам, агентлагуудын үйл ажиллагаа, зохион байгуулалт нэгэнт жигдэрсэн тул яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг томилох ажлыг зохион байгуулах захиалгыг Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтыг зарласан байна. 

Монгол Улсын Засгийн газрын зүгээс төрийн албанд иргэдийг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хуулийн дагуу гагцхүү хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага,ажлын үр дүнд тулгуурлахыг төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хэвшүүлэхийг шаардаж ажиллах болно гэж Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш