Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар энэ сарын 23-ны өдөр тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Олон улсын худалдааны бодлогын газрын ерөнхий захирал ноён Амедео Тети-тай хоёр орны эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийв.
Уулзалтаар Монгол Улсын дэд бүтэц, зам тээвэр, хот байгуулалтын салбар дахь бүтээн байгуулалтын ажилд Италийн мэргэшсэн компаниудыг өргөнөөр оролцуулах асуудлыг ярилцав. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр туршлага солилцох, хамтран нэмүү өртөг шингэсэн, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.
Түүнчлэн энэ жил зохион байгуулагдах Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцож, тус арга хэмжээний үеэр Монгол-Италийн бизнесийн салбарын төлөөлөгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулах санал хүргүүлэв.