logo
СБД-ийн 15-р хорооны 140 өрх дахин төлөвлөлтөд орно гэж шийдлээ

СБД-ийн 15-р хорооны 140 өрх дахин төлөвлөлтөд орно гэж шийдлээ

2013/01/28

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлыг НИТХ-ын 01-р сарын 31-ний хуралдаанаар батлах юм.  Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга захирамж гарган дахин төлөвлөлтөд орох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч нараар ахлуулан байгуулсан юм.   Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг 1 дүгээр сарын 26-нд  СБД-ийн 15-р хорооны 13 га,  газарт  амьдардаг 140  өрхийн төлөөлөлтэй 58-р сургууль дээр уулзалт хийлээ.

Нийслэлийн зураг төслийн хүрээлэн тухайн 13 га газарт байрлах гэр хорооллыг хэрхэн дахин төлөвлөж болохыг иргэдэд танилцууллаа.  Урьдчилсан  төлөвлөлтийн зураг төслийг нийслэлийн Ерөнхий төлвөлгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр танилцууллаа.   Хэдийгээр газраа дахин төлөвлөлтөнд оруулах хүсэлтэй иргэд олон боловч, ажил хэрэг болох нь эргэлзээтэй болов уу гэсэн эргэлзээ иргэдийн дунд байгаа нь анзаарагдсан юм.  Харин НИТХ-ын дарга Д.Баттулга, Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдийн оролцоонд тулгуурлана. Оршин суугчид зөвшөөрөхгүй нөхцөлд ямар нэг төлөвлөлт хийхгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс газрын эзэн  та ямар нэг хохирол амсах учиргүй. Гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн оролдлого урьдын дөрвөн жилд буюу нийслэлийн хуучин удирдлага хэрэгжүүлэх гэж оролдоод иргэд хохирсон явдал гарсан байна. Тэгвэл одоогийн дахин төлөвлөлт тэр алдааг давдахгүй. Иргэдэд газраа нийтийн орон сууцаар солих уу, Таун хауст, амьдрах уу гэх зэрэг сонголтууд гарч ирнэ. Тэр сонголтыг олон талаас нь сайн бодох хэрэгтэй гэдгийг онцлон хэлсэн юм.

Иргэд  хотын удирдлагуупаас газрыг ямар үнээр чөлөөлөх, нэг хашаанд амьдардаг хоёр өрхийн нэг нь яах юм бэ, моргежийн зээлд хамруулах уу гэх зэрэг асуулт тавьж байлаа. Тэр бүхэнд холбогдох албан тушаалтанууд “ Энэ бол  нарийвчлагдан, иргэн, хөрөнгө оруулагч, нийслэл гурвын дунд дахин, дахин олон удаа яригдаж байж шийдвэрлэгдэх зүйл. Одоо бол дахин төлөвлөлтийг хийх үү, үгүй юу гэдэг зарчмыг бид хамтарч шийдвэрлэнэ. Та бүхэн дэмжиж санал өгвөл НИТХ-ын ээлжит хуралдаанд ажлын хэсэг оруулж эцсийн шийдвэр гаргах болно гэсэн хариулт өгсөн юм.

Оршин суугчид удтал хэлэлцсэний эцэст СБД-ийн 15-р хорооны 13 га газарт амьдардаг 140 өрх дахин төлөвлөлтөд орох нь зөв гэсэн шийдвэр гаргалаа. Оршин суугчдын гаргасан энэ шийдвэрийг НИТХ-ын ээлжид хуралдаанаар хэлэлцэнэ.  СБД-ийн 15,17-р хороо буюу Дамбадаржаагийн гэр хороололд нийт 122 га газарт дахин төлөвлөлт хийгдэх боломжтой ажээ.
 

 

Баянзүрх дүүргийн 12-р хорооны иргэд дахин төлөвлөлтийг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 12-р хорооны иргэдтэй уулзаж,саналыг нь сонслоо.Дахин төлөвлөлтөд  тус хорооны  177 хашаа хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 92 айлын амины орон сууц, 104 айлын орон сууц  барихаар төлөвлөгджээ.Амгаланд тохилог амины сууцнаас гадна, газар доор граж барьж, цэвэр усны асуудлыг төвлөрсөн шугамаас холбох боломжтой. Харин цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар төлөвлөгдсөн  бол  дулааныг одоо байгаа Алтангадас ХХК-ны уурын зуухыг өргөтгөн барьснаар шийдвэрлэнэ гэж тооцжээ. Мөн зөвхөн иргэдийг амины орон сууцтай болгохоос гадна тус хороог Баянзүрх дүүргийн төв болгохоор төлөвлөсөн байна.   Эдгээр боломжуудыг хорооны иргэдэд танилцуулж , хэрэв иргэд дахин төлөвлөлтийн энэ ажлыг дэмжвэл иргэдээсээ дахин асууж, саналыг нь тусгана  гэдгийг албаныхан онцолсон юм . Харин хорооны иргэд  санал, сэтгэгдлээ хэлэн ,  хэд хэдэн асуултанд тодруулга авлаа . Иргэдийн дийлэнх нь томоохон бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаг хугацаа алдалгүй ажлаа эхлүүлэхийг хүссэн  бол  дахин төлөвлөлтөд тусгасан амины орон сууцын дизайныг  өөрсдөө гаргах боломж бий эсэх, эхний ээлжинд хамаарагдаж  байгаа хороодуудаас  өөр  газар нутгийг  хамруулах , дахин төлөвлөлтийг дэмжлээ гэхэд хөрөнгө санхүүг хаанаас гаргах вэ? зэргийг тодруулахад  - Энэ асуудлууд бүрэн боломжтой,гол нь иргэд дэмжиж өөрсдөө саналаа тусах хэрэгтэй.Үүний дараагаар дараа дараагийн асуудлуудыг шийдвэрлэнэ гэлээ . Ингээд Баянзүрх дүүргийн 12-р хорооны гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийх эсэхийг дэмжих санал асуулга явагдаж , нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон  иргэдийн дийлэнх нь дэмжсэнээр цаашид энэ хорооны нутаг  дэвсгэрт дахин төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хийхээр  боллоо .

 

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 11 га газарт дахин төлөвлөлт хийнэ

Чингэлтэй дүүргийн 7-р хороо нь 241 га газартай, 3100 айл өрхтэй нийслэлийн томоохон хороодын нэг. Чингэлтэй дүүргийн 7-р хорооны хувьд эхний ээлжинд 51 айлын хашаа буюу 11 га газарт дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй нь хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцож санал өгсөн иргэдийн 92 хувь нь дахин төлөвлөлт хийхийг дэмжсэн байна. Ийнхүү Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 51 айлын эзэмшил газар болох 11 га газарт дахин төлөвлөлт хийх тухай саналыг НИТХ-д өргөн барихаар боллоо. Чингэлтэй дүүргийн 7-р хорооны хувьд дахин төлөвлөлт хийхэд хамгийн тохиромжтой. Үүнд:

- Халаалт шийдэгдэх нөхцөл бүрдсэн /Тус хороонд байх Зэвсэгт хүчний 253-р ангийн халаалтын зуухын хүчин чадлыг нэмэх /

- Цэвэр усны төв шугамтай хамгийн ойрхон

- Бохирын асуудал бүрдсэн /Монголын олон нийтийн радио, телевизийн бохирын шугамд холбох боломжтой/

- Цахилгааны дэд станцтай.

Тухайн хороонд ажилласан ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнийн хэлж байгаагаар Чингэлтэй дүүргийн 7-р хороо хамгийн түрүүнд дахин төлөвлөлтөд хамрагдаж иргэд нь тохилог амины орон сууцанд орох боломжтой. Энэ бүх сонголт иргэн танд байна гэдгийг онцлон хэлсэн юм. Иргэд газраа дахин төлөвлөтөд оруулж,  амины орон сууцтай орчин үеийн хороолол болгохыг дэмжлээ  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш