Манай улсын хүн амын дунд нянгийн шалтгаант халдварт болон үрэвсэлт өвчнүүдийн гаралт төдийлөн буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй уялдан, эмийн эмчилгээн дэх антибиотикийн хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж түүнийг дагалдан олон хүчин зүйлийн нөлөөгөөр эмийн гаж нөлөө ихсэж цөөнгүй төрөл, зүйлийн нянгууд антибиотикт тэсвэртэй болж, элдэв нянгийн хоруу чанар нэмэгдэж, эмийн эмчилгээнд хүндрэл гарч байна. Нөгөө талаар эмнэлгийн байгууллагуудын лабораторийн, нэн ялангуяа микробиологийн лабораторийн оношлогооны чадавхи тааруу, чанар нь сайнгүй, зарим талаар найдваргүй, шинжилгээний хариу нь хурдан гарах боломжгүй зэргээс шалтгаалан, эмч нар микробиологийн шинжилгээнд төдийлөн ач холбогдол өгдөггүй, өвчтөнд антибиотик бичих үндэслэл муу, антибиотикийн жор бичилт, эмийн сангаас жороор олгох, хэрэглээнд тавих хяналт хангалтгүй байна.
Хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний наад захын ойлголт, хандлага төлөвшөөгүй мөртлөө, антибиотикийг өөрсдийн дураар эмийн сангаас чөлөөтэй авч, замбараагүй хэрэглэдэг буруу дадал зуршил ихээхэн газар авсан байна.
Манай улсад эмчилгээнд хэрэглэгдэж буй нийт эмийн 20 орчим хувийг антибиотик болон нянгийн үйлдэлтэй бусад эм эзэлж байгаа бөгөөд антибиотикийн жор бичилт, жороор олгох, хэрэглээнд тавих хяналт хангалтгүй байна.
Нянгийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлүүдийн зах зээлийн тандалт судалгааны үр дүн, эмийн бүртгэлийн үйл ажиллагаатай уялдаа холбоо муу байгаагийн дээр, нянгийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээ хангалтгүй хийгддэг, эмнэлгээс шалтгаалсан халдварын тохиолдол нэмэгдэж, олон эмэнд болон маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бусад халдварт өвчний гаралт өссөөр байна.
Дэлхий дахинд хурцаар тавигдсаар байгаа, эмнэлгийн тусламжийн чанартай холбогдсон, тулгамдсан асуудлуудын нэг нь эмийн бодист, ялангуяа антибиотикт тэсвэртэй болсон нянтай, цаашилбал эмнэлгийн дотоод халдварын үүсгэгчидтэй оновчтойгоор тэмцэх явдал юм. Манай оронд антибиотикийн хэрэглээ хяналтаас гарч, нянгууд антибиотикт дасч, тэсвэржих үзэгдэл газар авч байгаа нь сүүлийн үед хийгдсэн судалгаануудын үр дүнгээс харагдаж байна. Иргэд эмийг өөрсдөө дур мэдэн замбараагүй хэрэглэдэг зохисгүй байдлаас шалтгаалж, антибиотикийн хэрэглээ өсөхийн зэрэгцээгээр, эмийн гаж нөлөө ихсэх, нянгууд антибиотикт тэсвэртэй болж, эмийн эмчилгээнд ноцтой хүндрэл учруулсаар байна.
Эдгээр нөхцөл байдлаас үүдэн, антибиотик эмчилгээний бодлогыг нэлээд нарийн тодорхойлж, эмийн эмчилгээг оновчтой явуулах, нянгийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлүүдийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, антибиотикт нянгийн тэсвэржилт үүсэх явдлыг ухаалагаар хянах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг шийдвэрлэх зорилгоор “Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратеги”-ийг ДЭМБ-аас эмэнд тэсвэржиж буй нянтай тэмцэх зорилгоор дэвшүүлсэн үндсэн багц бодлоготой уялдуулан боловсруулж, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 448 тоот тушаалаар батлан гаргалаа.
Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх үндэсний стратеги нь улсын хэмжээний төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн бүх байгууллагад мөрдөгдөх бөгөөд эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд нээлттэй, тэдний оролцоог эрхэмлэсэн, хариуцлагатай байх үндсэн зарчимд үндэслэн дараах зарчмуудыг баримтлан хэрэгжих юм.
- Эмнэлгийн бүх байгууллага болон хэрэглэгчдийн дунд антибиотикийн жор бичилт, жороор олголтонд тавих хяналтыг сайжруулж, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
- Антибиотикт тэсвэржсэн нянгийн лабораторийн оношлогоог сайжруулах, халдвар үүсгэгчийг оношлох, нянгийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс урьдчилан сэргийлж түүний тархалтыг зогсоох;
- Нянгийн эсрэг үйлдэлтэй эмийн зах зээлийн дараах тандалт, судалгааг тогтмол хийж, хэрэглээг нотолгоонд суурилсан, эдийн засгийн үр ашигтай байх чиглэлээр зохион байгуулах;
- Шинэ эм бэлдмэл, техник технологи, судалгаа, нээлтийг дэмжиж, олон салбарт хөтөлбөр хэрэгжүүлэн нэгдмэл үйл ажиллагаатайгаар нянгийн тэсвэржилттэй тэмцэх;
- Олон улсын болон үндэсний хэмжээнд нянгийн тэсвэржилттэй тэмцэх хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох, нянг эрт илрүүлж хариу арга хэмжээ авах чиглэлээр оролцогч талуудын үйл ажиллагааг дэмжих;
Стратегийн зорилго
Антибиотик болон нянгийн эсрэг үйлдэлтэй эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх болон нян эмэнд дасал болж, тэсвэржихээс сэргийлэх нэгдсэн бодлогыг тодорхойлж, нянгаар үүсгэгдсэн аливаа халдварын оношлогоо, эмчилгээг сайжруулж, энэ чиглэлийн эмнэлгийн тусламжийн чанар, үр дүнг дээшлүүлэхэд энэхүү стратегийн зорилго оршино.
Стратегийн зорилтууд
- Нянгийн эсрэг үйлдэлтэй эмэнд тэсвэржсэн нянг хянах, урьдчилан сэргийлэх асуудлыг Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны чиг үүрэгт тусгаж, стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг иж бүрэн, цогц санхүүжилттэй тасралтгүй зохион байгуулж, хэрэгжилтэнд нь байнгын хяналт тавих;
- Нянгийн эсрэг үйлдэлтэй эмийн чанар, хангамж, хэрэглээ, нийлүүлэлт, бүртгэл, зах зээлийн дараах тандалт, судалгааны тогтолцоог тодорхой болгон сайжруулж, үр дүнг дээшлүүлэх;
- Халдварын үүсгэгчийг илрүүлэн оношлох, тандах, нянгийн антибиотикт мэдрэг шинж чанарыг тодорхойлох, хянахад чиглэгдсэн лабораторийн оношлогоо, шинжилгээний арга, хэлбэрийг нэмэгдүүлэн сайжруулах, шинэ техник, технологи, шинжилгээний арга аргачлал нэвтрүүлэх, микробиологийн судалгаа шинжилгээний ажлыг дэмжин өргөжүүлэх;
- Нян эмэнд тэсвэржих үзэгдлээс сэргийлэх, эмнэлгээс шалтгаалсан халдварын тархалтыг зогсоох, эрсдэлийг бууруулах, анхаарал татаж буй нянгийн эмнэлзүйн сорилт бүхий хяналтыг эрс сайжруулах талаар салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан мэдээлэл солилцох;
- Антибиотик болон нянгийн эсрэг үйлдэлтэй эмийн зохистой хэрэглээний талаархи эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, дадлага, хандлагыг системтэй дээшлүүлж, улмаар антибиотик болон нянгийн эсрэг үйлдэлтэй эмийг өвчтөнд бичих үндэслэл, жор бичилт, эмийг жороор олгох үйл ажиллагааг хэвшүүлэх;
- Антибиотик болон нянгийн эсрэг үйлдэлтэй эмийг гагцхүү эмчийн заалтын дагуу зохистой хэрэглэдэг болох талаар иргэдийн дунд явуулах мэдээлэл, сурталчилгаа, сургалтын ажлыг тогтмолжуулан, боловсронгуй болгох;
Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс