Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хан–Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1-р сарын 12-ны бямба гаригт “Норд бенз” маркийн 99-27 ӨМА дугаартай хүнд даацын автомашин өгсүүр газар өгсөхдөө хальтиран дулааны 13 магистралийн 2ф700мм голчтой шугам мөргөжээ. Үүний улмаас Нисэхийн чиглэлийн орон сууцны хороолол, албан газрыг дулаанаар хангадаг 3 цэгт рольк /өнхрөх тулгуур/ шугамын ивээс тулгуураасаа мултарчээ. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, УБДС ТӨХК, Хан-Уул дүүргийн мэргэжлийн ажилтнууд газар дээр нь ажиллаж 01-р сарын 16 өдөр машиныг дулааны шугаманд гэмтэл учруулахгүйгээр тулгуур дээр нь байрлуулжээ. Мөн Дондогдулмын рашааны хөлд буусан, Баянзүрх дүүргийн 27–р хорооны Сэлбийн 30-35 гудамжны айлууд усанд автсан байна. УСУГ, тус дүүргийн онцгой байдлын газар, дүүргийн тохижилтийн компани, Усны барилга НӨҮГ-тай хамтран усыг зайлуулах арга хэмжээг цаг алдаггүй авчээ. Тусгайласан арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд айл, өрхийн амьдрах боломжийг хэвийн нөхцөлд оруулсан байна.