logo
Хайлаастыг дахин төлөвлөхийг иргэд дэмжлээ

Хайлаастыг дахин төлөвлөхийг иргэд дэмжлээ

2013/01/29
Агаарын бохирдлын 70 орчим хувийг нь гэр хорооллын жирийн зуухны яндагаас гарч байгаа утаа бүрдүүлж байна гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 78 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн статистик мэдээлэл байна.  Тиймээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн, Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт  хэсэгчилсэн төлөвлөгөөг  урьдчилсан байдлаар боловсруулсан юм. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7 байршилд  гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилсан байдлаар зураг төслийг гаргасан юм. Эдгээрийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчмын 130 га газар, мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын 2,3 га газар, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй дүүргийн  13, 15 дугаар хорооны 72 дугаар сургуулийн  орчим гэр хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, МҮОНРТ орчмын 11,4 га газар, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газар, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт төлөвлөлт хийхээр урьдчилсан зураг төслийг боловсруулсан байна.  Эдгээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, гэр хорооллыг барилгажуулах ажил эхлэх юм.  Гэхдээ иргэд газраа дахин төлөвлөлтөд оруулахдаа ямар эрх, үүрэгтэйгээр оролцож, хэрхэн саналаа оруулах талаар тэр бүр мэдээлэлгүй байгаа учраас иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь шийдвэртээ тусгаж ажиллахыг Нийслэлийн удирдлага баримталж байгаа юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Д.Баттулга захирамж гарган, хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талаар иргэдийн саналыг авах, иргэдтэй уулзалт хийх ажлын хэсгийг зохион байгуулж, ажлын хэсгийхэн өнгөрсөн амралтын өдрүүдээр дахин төлөвлөлтөд орох байршилд амьдарч байгаа иргэдтэй уулзаж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.  Ажлын хэсгийнхэн 1 дүгээр сарын 27-нд буюу Ням гаригт  Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо , Чингэлтэй дүүргийн 13,15  дугаар хороо,  Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн тухай мэдээллийг иргэдэд нээлттэй өгсөн юм.  Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хороонд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Чингэлтэй дүүргийн  ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очин иргэдтэй уулзлаа.  Хайлаастын 49-р сургуулийн орчимд нийт 15 га газарт дахин төлөвлөлт хийхээр урдчилсан байдлаар зураг төслийг боловсруулсан байна.  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн Д.Хан-Уул тухайн хэсэгт урьдчилсан байдлаар боловсруулсан дахин төлөвлөлтийг иргэдэд танилцууллаа. Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хорооны 15 га газарт нийт 86 өрхийг дахин төлөвлөлтөд хамруулж эхний ээлжинд 115 айлын орон сууц барих юм байна. Үүнээс гадна тухайн хэсгийн зам дагуу 8400 метр квадрат ажлын байр барихаар тооцжээ.  Аж ахуйн нэгж айл өрх бүрийг дулааны төвлөрсөн системд холбож, бохирын нэгдсэн сүлжээтэй болгох асуудлыг шийдвэрлэх боломж энэ хэсэгт давуу байгааг онцолсон. Учир нь сургууль, цэцэрлэгийн уурын зуухыг өргөтгөж, дулааныг шийдэх боломжтойгоос гадна, энд байрлах “АНУ” сервис ХХК, “Түвшин Ундраа” ХХК-ны  дэд станцын шугамыг өргөтгөснөөр эхний ээлжинд төлөвлөлтөд орох айлын хэрэгцээг хангах бүрэн боломжтой юм байна. Мөн Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд энэ хэсгийг шинэ төв болгохоор тусгасан байна.

Хэсэгчилсэн төлөвлөлтийн урьдчилсан зурагтай танилцаад иргэд зарим нэг зүйлээр тодруулга авлаа. Тухайлбал, нэг эзэмшигчтэй газар 2-3 өрх амьдарч байна, эдгээр өрхийн асуудлыг хэрхэн шийдвэх вэ, мөн тухайн газартаа өөрсдөө зээл авч орчин үеийн тохилог орон сууц барих нөхцөлөөр хангах уу, хэрвээ манай хашаа газарт орлоо гэхэд бид хаашаа нүүж очих вэ гэх мэт асуултыг иргэд асууж байсан юм. Ажлын албаныхан, бид өнөөдөр урьдчилсан байдлаар төлөвлөсөн зураг төслийг танилцууллаа. Хамгийн гол нь газрын эзэн нь та учраас таны зөвшөөрөлгүйгээр ямар нэг ажил эхлүүлэх боломжгүй юм.  Хэрвээ та бүхэн дахин төлөвлөлтөд орохыг зөвшөөрвөл энэ асуудалд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах болно. Тэгээд хөрөнгө оруулагч, иргэн, нийслэл гэсэн гурвалсан гэрээг байгуулан иргэн нэг бүртэй уулзан зөвшилцсөнөөр ажлаа эхэлнэ гэдгийг иргэдэд хэллээ. Мөн НИТХ-ын дарга Д.Баттулга, газар бол үл хөдлөх хөрөнгө, Та газрын эзэн учраас, газраа дахин төлөвлөлтөд оруулсан ч заавал  үл хөдлөх хөрөнгөтэй үлдэх ёстой гэсэн байр суурийг бид хатуу баримталж байгаа гэдгийн онцлон хэлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд энэ хэсгийг эхний ээлжийн төлөвлөлтөд оруулсанд баярлаж байгаагаа илэрхийлж,  дахин төлөвлөлт хийхийг 100 хувь дэмжлээ.  НИТХ-ын дарга Д.Баттулга, та бүхэн энэ санал санаачилгыг дэмжсэнд талархаж байна. Харин үлдсэн гэр хорооллын хэсгийг хэзээ, хэрхэн төлөвлөх вэ гэсэн хүлээлт хэн бүхэнд байгаа гэж бодож байна. Тэдгээр хүмүүст хэлэхэд, та бүхэн  гудамжаараа, өрхөөрөө нэгдэж дахин төлөвлөлтөд орох хүсэлтэй байгаагаа бидэнд уламжлаарай. Та бүхний хүсэлтээр нийслэлээс мэргэжилтэн очиж урьдчилсан төлөвлөлтийн зураг төслийг боловсруулж, дараа дараагийн ээлжийн ажил эхлэх болно гэдгийг санууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш