Танд олон гутал байгаа нь мэдээж. Ганц хоёр гуталтай хүмүүс ч байж л таарна. Гэхдээ л нийслэлийнхээ замыг гэмтээхгүйн тулд нэг өдөр бүгдээрээ \ бүгдээрээ биш юмаа. Гийгүүлэгчээр эхэлсэн нэртэй хүмүүс нэг дэх, эгшгээр эхлэсэн бол хоёр дахь гэхчлэн долоо хоногтоо тааруулаад оноосон нь зөв юм байна. Эсвэл гутлынх нь өнгөөр ялгаж бас болох. Жишээ нь хар гуталтай хүмүүс нэг дэх, цагаан бол хоёр дахь, хүрэн бол гурав дахь өдөр өмсөж болохгүй гэх мэт \ хөл нүцгэн явж яагаад болохгүй гэж. Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд, УИХ-ын гишүүд, хотын дарга, эмч, багш, цэвэрлэгч, цэргийнхэн, цагдаагийнхан гээд хэн ч байсан ялгаагүй ганц өдөр яахав дээ, хөл нүцгэн алхацгаая л даа. Эрүүл мэндэд ч тустай. Эрх мэдэлгүй нэгэн ингэж уриалаад хэрэгжихгүй нь ойлгомжтой. Эмч мэргэжилтнүүд ч ухуулаад нэмэргүй. Харин хотын дарга захирамж гаргаад, түүнд нь цагдаагийнхан, мэргэжлийн хяналтынхан давхар шалгаж, торгууль ноогдуулаад эхэлбэл амархан ажил хэрэг болно байх шүү, яг нөгөө машины дугаараар хязгаарладаг шиг. Гол нь хотын дарга өөрөө үлгэрлээд хөл нүцгэн ажилдаа ирэх буцахаас гадна, хамгийн гол нь иргэд маань, тэр дотроо хүүхэд багачууд нийслэлийнхээ гудамжаар, явган зорчигчдод зориулсан зам харгуйгаар хөлөө гэмтээлгүй, шилэнд зүсүүлэлгүй алхаж болж буй эсэхийг мэдрэх нь чухал. Хувьчлагдсан ТҮК \ тохижилт үйлчилгээний компани гэдэг байх \- үүд хэрхэн ажиллаж буйг шалгах далимаар гэр хороолол болон, орон сууцны хоорондох гудмуудаар хөл нүцгэн гүйгээд үзэх хэрэгтэй. Харуй бүрийгээр бол бүр ч сайн. Уг нь санаагаар болдогсон бол долоо хоног бүрийн нэг өдөр хөл нүцгэн явах захирамж албан ёсоор хэрэгжиж эхлэхээс өмнөх ядаж 10 хоног нийслэлийн ЗДТГ-ын ажилтнууд хөл нүцгэн яваад үздэг бол болоод л явчих нь тэр. Тэд \ тэд юу байхав хотын дарга л байхгүй юу \ нэг бол явган хүний замуудыг тохижуулан хөл нүцгэн байтугай элэг дөрвөөр мөлхсөн ч болохоор засаж, цэвэрлэн, гэрэл гэгээтэй болгоно , эсвэл хөл нүцгэн явах захирамжаа болиулна. Тийм боломж бүрдүүлээгүй мөртлөө захирамжаа шууд хүч тулган хэрэгжүүлэхээр бол иргэд эсэргүүцэх нь ойлгомжтой. Яахав ганц нэг дуулгавартай хүмүүс хөл нүцгэн алхах нь алхах л байх, гол нь цагдаад торгуулахгүйн тулд шүү дээ. Мэдээж захирамжийн шийтгэх хэсэгт тухайн өдөр гутал өмссөн хүний гутлыг хураах заалт байж л таарна. Тэгэхээр ганц хоёр гуталтай иргэд \ тийм хүн олон шүү дээ \ тэрийгээ хураалгачихвал ганц өдөр биш магадгүй дахиж гутлын мөнгө олтлоо хөл нүцгэн таваргах хэрэг гарна биз дээ. Тэд хөөрхий хөл нүцгэн гүйхээс яалтай. Гэмтлийн эмнэлэг ачааллаа даахаа болиноо. Хөлөө зүсүүлсэн, өргөс орсон, хуруугаа мулталсан, хөл дээрээ гишгүүлсэн гээд гэмтэл мундахгүй. Зарим овсгоотой нэг нь хөл нүцгэн мэт харагдахаар гутал Эрээнд захиалж авчраад өмсөж ч мэднэ. За тэгэж байтал Ганбаатар, Батзандан энэ тэр дугарч эхлэнэ. Үндсэн Хуулийн хоёрдугаар бүлэг, 14,16 дугаар зүйлийг зөрчлөө гээд л жишээ баримт дурдан эсэргүүцнэ. Жишээ нь Баасанхүү гишүүн гэхэд л “... дөрөв дэх Ерөнхийлөгчөө нэг өдөр оймстой нь баривчилж байсан бол өнөөдөр бүр давраад нийт иргэдээ хөл нүцгэн явуулан хэлмэгдүүлж байна” гэхчлэн авч өгөх нь тодорхой. Иргэд ч дуу дуугаа авалцан босох байлгүй. Социализмын үед Хятадад иймэрхүү хууль үйлчилдэг байж билээ. Ахмад үеийнхэн мэднэ дээ. Хятад хүн бүр цэрэг маягийн хөх өмд, хөх цамц, саравчтай малгай, хар илгэн шаахайнаас өөр хувцас өмсөж болохгүй. Бүр төрийн тэргүүн нь хүртэл өөрөө үлгэрлэдэг байсан гээч. 1970-аад оны сүүлчээр л жирийн хувцас өмсөх эрхтэй болсон юмдаг. Манай улс ч гэсэн дээ. 90 он хүртэл мөн ч олон эрхээ эдэлж чадахгүй \ болдоггүй гэвэл ононо \ байсан даа. Жишээ нь оросын “москвич”, чехийн “шкода” хоёроос өөр машин хувьдаа авахыг хориглодог байлаа. Хүний эрхийн наад захын иймэрхүү зөрчлийг 90 онд одоо энэ хотын дарга өөрөө манлайлан устгаж, “баатар” болсон хүн шүү дээ. Тийм болохоор манай “баатар”-аас л лав хүний эрхийг зөрчсөн \ коммунист маягийн гэж ойлгогдохоор \ захирамж шийдвэр гармааргүй л юм. Харамсалтай нь гарчихжээ. Машиныг дугаараар нь ялгаварлаж, хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг хэлж байна. Долоо хоногт ганц өдөр юм л гэж олон хүн тэсч байгаа. Хэдийгээр ганц өдөр ч гэсэн хичнээн бэрхшээл тохиолдож байгааг өөр зуураа шүүмжлээд л тэсэж байна даа. Дуртай ч дургүй ч бүгд л дагаж байгаагаас хойш. Тэгсэн чинь яана гэнэ вэ. Долоо хоногийн ням, бямба \ очиж очиж амардаг өдөр шүү \ хоёрын аль нэгэнд бас машинаа унаж болохгүй гэнэ. Арай дэндэж байнаа. Нэртэйгээр нь хувийн машинуудыг бүр хураачихмаар юм даа. Ерөнхийлөгч саявтархан сайн л хэлсэн, гэвч хүлээж авсангүй. Эзгүй хоорондуур нь амжаад захирамжаа гаргачихдаг байна шүү, баатар маань. Дараа нь бас ямар захирамж гаргаж “нүүр улайлгах” юм бол бүү мэд. Хөл нүцгэн явах захирамж гарчихвал гайхахааргүй л төсөөлөгдөөд байна. Бидний нүүр улайх ч дүүрч. Гадныхан гайхаж л байгаа даа. Иргэдийн буруугаас болоод хот хог, утаа, тоосондоо дарагдчихсан юм шиг л загнах юм. Мэдээж тэдэнд ч гэсэн буруу бий л дээ. Хөдөөгийн эрүүл агаартаа амьдарч байхгүй хот руу шаваад л. Нус цэрээ хаа хамаагүй нулимаад л, архи тамхи хэтрүүлэн хэрэглээд л гээд олныг дурдаж болно. Тэглээ гээд хувийн өмчөө эдлэх эрхийг нь хязгаарлах нь буруу л байлтай. Иргэдээ тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдруулах гэж л төр захиргааны байгууллагууд ажилладаг, иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг биз дээ. Бусад улс оронд бол ингэж хүчиндэж, хүний эрхийг зөрчих замаар биш харин татварын бодлогоор л зохицуулдаг юм билээ. Жишээ нь дугаар нь заагдсан өдөр машинаа унахаар бол нэмэлт татвар төлдөг байх мэтчилэн.Торгууль биш шүү, бусдынхаа эрхийг хүндэтгэсэн татварын нэг хэлбэр. Тэр мөнгөөр нь зам талбайгаа сайжруулна гэсэн үг шүү дээ. Гэтэл манайх болохоор хураана, нураана, хориглоно, саатуулна гэх. Гаргасан шийдвэр болгон нь жирийн иргэдийнхээ эсрэг л чиглээд байх юм. Болохгүй бол Магнайд л дуулгахаас.
Олхонууд ШААБАР
Олхонууд ШААБАР