ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны харьяа нисэхийн эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах хэсгийн үйл ажиллагааг автоматжуулах туршилтын ажил өнөөдрөөс эхэллээ.
Осолд орсон агаарын хөлгийн эрлийн бүсийг тодорхойлох “Поиск” программыг ОХУ-ын “Паллада” компанид бүтээсэн бөгөөд ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд ашигладаг. 2012 онд манай улсад зохион байгуулсан нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны хамтарсан сургуулилтын үеэр хоёр тал харилцан тохиролцож, тус программыг Монгол Улсад үнэ төлбөргүйгээр туршилтанд ашиглуулахаар болжээ.
Энэхүү туршилтын ажил нь Чикагогийн Конвенцийн 12 дугаар хавсралт болон Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн хэрэгжилтийг боловсронгуй болгох Зам, тээврийн яамны бодлогын хүрээнд хийгдэж буй ажил ажээ.