logo
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга айлчилна

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга айлчилна

2013/01/29
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга ноён У Бангуо 2013 оны нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

  Ноён У Бангуо Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзалт хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён У Бангуод бараалхана.

    Хүндэт зочин айлчлалынхаа хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурж, Улсын Их Хурлын Тамгын газарт техник тоног төхөөрөмж бэлэглэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, Хятадын банкны төлөөлөгчийн газрын нээлтийн арга хэмжээнд оролцоно гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 

Ноён У Бангуо 1941 онд Аньхуй мужийн Фэйдун хошуунд төрсөн, хан үндэстэн. Цинхуа их сургуулийн Радио электроникийн факультетийг төгссөн. Тэрбээр 1964 онд ХКН-д элссэн бөгөөд 1966 оны 9 дүгээр сараас хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1967-1976 онд Шанхай хотын Чийдэнгийн гуравдугаар үйлдвэрт ажилчин, техникч, техникийн салбарын орлогч дарга, дарга, 1976-1978 онд үйлдвэрийн Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, үйлдвэрийн хувьсгалт хорооны орлогч дарга, үйлдвэрийн орлогч дарга, үйлдвэрийн дарга,  1978-1981 онд Шанхай хотын электрон сэлбэг хэрэгслийн компанийн орлогч захирал, Шанхай хотын Чийдэнгийн компанийн орлогч захирлын алба хашиж байжээ. Улмаар 1981-1983 онд Шанхай хотын Багаж төхөөрөмжийн үйлдвэрлэл, харилцаа холбооны удирдах газрын Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, 1983-1985 онд Шанхай хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, хотын Намын хорооны шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, 1985-1992 онд Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын Намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллажээ.

    Тэрбээр 1992 оноос ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүнээр тасралтгүй сонгогдож ирсэн бөгөөд 1992-1994 онд Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, 1994-1997 онд ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, 1997-1998 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, 1998-1999 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд ХКН-ын Төв Хорооны том аж ахуйн нэгжийн асуудал эрхэлсэн хэлтсийн нарийн бичгийн дарга, 1999-2002 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Төрийн Зөвлөлийн намын удирдах бүлгийн гишүүн бөгөөд ХКН-ын Төв Хорооны том аж ахуйн нэгжийн асуудал эрхэлсэн хэлтсийн нарийн бичгийн даргаар ажиллаж иржээ.

    Ноён У Бангуо 2003 оны гуравдугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргаар сонгогджээ. Улмаар  2008 онд Байнгын хорооны даргаар улиран сонгогдсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш