Энэ сарын 28-30-нд зохион байгуулагдах Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ оролцож, БХЯ, Батлан хамгаалахын удирдлагын зүгээс цаашид баримтлан ажиллах бодлогын зорилтуудаа танилцууллаа. Тус цугларалтын нээлтэд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар болон БХЯ-ны газрын дарга нар оролцов. “Цацраг, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх зүйлсийн аюултай тэмцэх үеийн Зэвсэгт хүчний оролцоо” сэдэвт уг цугларалтад ҮАБЗ, БХЯ, ЗХЖШ, Цөмийн энергийн газар, Уул уурхайн яам, МХЕГ, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцож лекц унших юм.
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр “Химийн зэвсэг хориглох байгууллага болон химийн зэвсэг хориглох конвенцийн ач холбогдол”, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчний оролцоо”, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир “Уламжлалт бус аюул заналхийлэл” сэдвээр лекц уншлаа. Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцож байгаа бүрэлдэхүүнд хандан Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Батлан хамгаалахын сайдаар томилогдоод 5 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь, Монгол цэргийн музей болон Зэвсэгт хүчний хот, хөдөөгийн 10 гаруй анги, салбарын ажил байдалтай танилцлаа. Энэ үеэрээ Монгол Улсынхаа аюулгүй байдлын төлөө сэтгэл хоёрдолгүй зүтгэж байгаа офицер, ахлагч, цэрэг эрсээрээ бахархах сэтгэл төрж байлаа.
Өвөг дээдсээс өвлөн ирсэн дайчин уламжлал, эх орныхоо төлөө гэсэн эх оронч сэтгэлгээ манай цэргийнхэнд л байна. Энэ үзэл, хүмүүжлийг нийгэмд хүргэх, төлөвшүүлэх нь бидний үүрэг юм гэсэн итгэл маань улам батажлаа. Залуусыг цэргийн алба хаах хугацаанд нь түүхээ мэддэг, эх орон, монгол хүн гэдгээрээ бахархдагболгох, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй бөгөөд бид цаашид энэ талаар иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэнтэйхамтран ажиллаж, нийгэмд цэргийнхний байр суурь, нэр хүндийг өргөх шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлнэ. Харъяа байгууллагуудтайгаа танилцаж явахад ангиудын тохижилт, ажиллах орчин нөхцөл өнөөгийн нийгмийн хөгжил дэвшлээс хоцорсон байдал ажиглагдсаныг тэмдэглэх хэрэгтэй. Ирэх жилүүдэд цэргийн албан хаагчдын ажиллаж амьдрах таатай орчныг ялангуяа анги, байгууллагын тохижилтыг сайжруулахад түлхүү анхаарах болно. Тухайлбал жилд 2 ангийг үлгэр жишээ хотхон болгон тохижуулах арга хэмжээ авч ажиллана. Налайх дахь цэргийн нисэх буудлыг иргэний зориулалтаар ашиглах асуудлыг Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохирч, судалгааны ажлыг эхлүүлээд байна. Энэ нисэх буудлыг байнгын ашиглалтад оруулах нь Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудлын ачаалыг багасгахаас гадна, Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлэх бэлтгэлийг хангах, нисэх буудлын тоног, төхөөрөмж, үйлчилгээг сайжруулах, цаашид Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багуудын нислэгийг хүлээн авах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.
“Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд Батлан хамгаалах бодлогын талаар тусгах зорилт, арга хэмжээний саналыг боловсруулж, баталгаажуулсан нь ирэх 4 жилд бидний баримтлах үйл ажиллагааны гол чиглэл, стратеги байх юм. Юуны түрүүнд бидний өмнө батлан хамгаалах эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх нэг томоохон ажил хүлээгдэж байна. Батлан хамгаалах эрх зүйн тогтолцооны үндэс болсон “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг “Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого” нэртэйгээр шинэчлэн боловсруулж төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болоод байна. Энэхүү баримт бичиг батлагдснаар батлан хамгаалах тогтолцоо, түүний удирдлага зохион байгуулалт, шинэчлэл, цэргийнхүчний байгуулалт, цэргийнхүчнийг хөгжүүлэх үндсэн чиглэлгээд олон чухал асуудлыг шинээр тодорхойлох нөхцөл бүрдэх юм. Батлан хамгаалахын багц хуулиуд, тэдгээрт хамаарал бүхий бусад хуулиудыг “Монгол Улсын Төрийн батлан хамгаалах бодлого” баримт бичгийн үзэл санаанд нийцүүлэн шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг ойрын үед эхлүүлэх шаардлагатай байна.
Бидний дараагийн нэг томоохон зорилт бол Зэвсэгт хүчний шинэчлэлийнасуудал юм. “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж дуусах хугацаа дөхөж байна. Тиймээс бид энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ өгч дараагийн шатны хөгжлийн хөтөлбөрийн зорилго, зорилтоо тодорхойлон, үндэслэлтэй тооцоо, судалгааг хийж, урьдчилсан төлөвлөлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлэх шаардлагатай байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь Монгол Улсын нэр хүнд, байр суурийг олон улсын хэмжээнд бэхжүүлэх, гадаадын орнуудаас улс төр, эдийн засгийн дэмжлэг авах нөхцлийг бүрдүүлж, Зэвсэгт хүчний бэлэн байдал, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг олон улсад таниулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ билээ. Цаашид бид энхийг дэмжих ажиллагаанд оролцох талаар өнөөгийн хүрсэн амжилтыг бэхжүүлж, цэргийн инженерийн болон нисдэг тэрэгний баг гэх мэт нарийн мэргэжлийн бүлэг оролцуулах чадавхийг бий болгох шаардлага байна.
Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны болон Зэвсэгт хүчний шинэчлэл ид өрнөж байгаа өнөө үед энэ салбарыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангах үүрэгтэй Батлан хамгаалахын их сургуулийг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн өнөөгийн ололт, амжилттай хөл нийлүүлэн хөгжих боломжоор хангах явдал чухал юм. Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, удирдлага, менежментийг боловсронгуй болгох, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх асуудал ямагт бидний анхаарлын төвд байх болно. Сургуулийн хамт олны санаачлан эхлүүлсэн “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн байр, “Биеийн тамирын цогцолбор” зэрэг барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарах болно. Харин цаашид цэргийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоогоо эргэн харах, багшлах бүрэлдэхүүнийг чадваржуулахад анхаарах шаардлагатай.
Батлан хамгаалах болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын шилдэг дарга нар, удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэдэг Батлан хамгаалахын удирдлагын академийг бэхжүүлж, төрийн жинхэнэ албан хаагчдыг аюулгүй байдал, стратеги, цэрэг-улс төрийн асуудлаар мэргэшүүлэн бэлтгэдэг болгон хөгжүүлэх шаардлага, эрэлт, хэрэгцээ байна. Иймд БХУА-ийн бүтцэд энэ чиглэлийн сургалтын нэгжийг байгуулж, эхний ээлжинд дотооддоо, цаашид бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулах чадвартай болгон хөгжүүлэх, батлан хамгаалах, аюулгүй байдлын сургалт, судалгааны чиглэлээр гадаадын улс, орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бидэнд байна.
Цэргийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ажлыг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаанаас эхлэх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Хүрээлэнгийн судалгааны ажлын бодлого, чиглэлийг эргэн харах цаг болжээ. Энэ хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын судалгааны үндсэн чиглэл нь аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, зэвсэглэл, техникийн шинэчлэл, Зэвсэгт хүчний байгуулалтын тулгамдсан асуудлууд байх учиртай юм. Зөвхөн судалгаа шинжилгээний бүтээл гаргахаас гадна батлан хамгаалах нөөцийн менежментэд тулгуурласан урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, цэргийн хүчнийг хөгжүүлэх урт, дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулахад шинжлэх ухааны үндэслэл, хэтийн төлөв байдлыг тодорхойлох, хөтөлбөрийн хэрэгжих тооцоо, үнэлгээг хийх зэрэг асуудалд хүрээлэн голлох үүрэгтэй оролцох ёстой. Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнг материаллаг баазын хувьд бэхжүүлэх, туршилт, зохион бүтээх, үйлдвэрлэл явуулах баазтай болгох, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг болох үүднээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгайлан тусгаж өгсөн.
Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй нэгтгэн Батлан хамгаалах, хууль сахиулах албанхаагчдын нэгдсэн эмнэлэг болгохоорЗасгийн газраас шийдвэрлэсэн.Ингэснээр тус эмнэлэг зөвхөн цэргийнхэн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн удирдах албан тушаалтнуудыг эмчилдэг манай улсын шилдэг сайн эмнэлэг байх эхлэл тавигдлаа. Дэлхий нийтийн жишиг ч тийм байдаг. Цэргийн төв эмнэлгийг орчин үеийн техник, тоног төхөөрөмж, шилдэг боловсон хүчнээр ханган, эмчилгээ, үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргах зорилт бидний өмнө тавигдаж байна.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нэг томоохон зорилт бол стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, байгалийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх,улс орны бүтээн байгуулалтад цэргийн хүчнийг оролцуулах асуудал юм. Бүтээнбайгуулалтын ажилд оролцох нь олон нийтийн дунд Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөх, цэргийн албан хаагчдад иргэний нийгэмдхэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэн бизнесийн салбарт хөрвөх чадвартай болгох, тэдний орлого, нийгмийн баталгааг дээшлүүлэх, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх зэрэголон талын ач холбогдолтой. Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахШинэчлэлийн Засгийн газрынхөтөлбөрхэрэгжснээрцэргийн алба хаах залуусынсонирхолнэмэгдэх давуу талтай юм.
Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал, баталгааг сайжруулах нь Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн бас нэг томоохон зорилт билээ. Батлан хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн асуудал, ялангуяа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд цаашид ч энэ нь бидний үйл ажиллагааны нэг чиглэл байх болно. Цаашид жилдээ 1000 орчим алба хаагчдыг орон сууцтай болгох, энгийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг шинэчлэх зорилго тавьж байна хэмээн онцлосон юм.