logo
Бүх цэргийн Их Хар сүлдний өргөө иргэдэд нээлттэй боллоо

Бүх цэргийн Их Хар сүлдний өргөө иргэдэд нээлттэй боллоо

2013/01/30
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн тушаалаар Бүх цэргийн Их Хар сүлдний өргөөнд оруулах журмыг шинэчлэв. Монгол Улсын иргэд, гадаадын зочид төлөөлөгчдөд монгол цэргийн түүхэн уламжлал, Бүх цэргийн Их Хар сүлдний талаар ойлголт өгч сурталчлах, иргэдэд эх оронч үндэсний үзэл төлөвшүүлэх зорилгоор ийм тушаал гаргалаа.

Ингэснээр БХЯ-ны хашаанд байрлах Бүх цэргийн Их Хар сүлдийг иргэд 7 хоног бүрийн Баасан гаригт 14.00-16.00 цагт, гадаадын цэргийн өндөр хэмжээний зочид төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ үзэх боломжтой болж байна.

Харин Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын болон Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн Бүх цэргийн Их Хар сүлдний өргөөнд орохдоо урьдчилан ЗХЖШ-т захиалга өгөх юм. Мөн Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн багийн бие бүрэлдэхүүн тэднийг үдэн гаргах ёслолын төгсгөлд Бүх цэргийн Их Хар сүлдэнд хүндэтгэл үзүүлж байхаар болов.

Түүнээс гадна Бүх цэргийн Их Хар сүлдийг цагаалах тайлгыг хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр хийж БХЯ, ЗХЖШ, Ерөнхий зориулалтын цэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн удирдлагыг оролцуулж байхаар болсон юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш