Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2013.01.30/ хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцлөө.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг гишүүдэд танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулга, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Алтай, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Дүгэржав, Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Зүмбэрэллхам нарыг тус тус томилох, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл нарыг тус тус эгүүлэн татах саналыг танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар нэр бүхий хүмүүсийг Элчин сайдаар томилох, эгүүлэн татах саналыг дэмжлээ.
Мөн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга, бусад дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэж үзэв.
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг мөн шийдлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.