logo
ХЭҮК-ын гишүүдийг чөлөөлж, томиллоо

ХЭҮК-ын гишүүдийг чөлөөлж, томиллоо

2013/02/01

УИХ-ын чуулганы үдээс өмнөх /2013-01-31/ хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын ХҮЭК-ын тухай хуулийн 5-р зүйлийн 5-1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Пүрэвийн Оюунчимэг, Улсын дээд шүүүхээс санал болгосон Нанзадын Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлж буй танилцуулгыг  УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д. Дэмбэрэл тавьсан асуултдаа, “  Монголд хүний эрх хөндөгдөх, зөрчигдөх явдал ямар хэлбэрээр явагдаж байгаа юм бэ.  Энэ хэлбэрүүдийг тодорхой нэрлэхгүй юу.  Мөн ямар байгууллага, салбаруудад хүний эрх их зөрчигдөж байна.  Монголд хүний эрх зөрчигдөж байгаа талаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас үнэлсэн үнэлгээ ямар түвшинд байна вэ “ гэдгийг тодруулсан юм. Түүний асуултад нэр дэвшигч П.Оюунчимэг хариулахдаа, “ Хүний эрхийн зөрчлийг хамгийн их гаргадаг салбарууд  гэвэл өнгөрсөн 12 жилийн хугацаанд хүний эрхийн байгууллагуудаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд түүн дотроос хорих ангийн байгууллагууд, цагдаагийн байгууллага тэр дундаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар нэлээд асуудал дагуулдаг.  Мөн хүүхдийн эрх, хүүхдийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд  тэр дундаа төрийн байгууллага, төр оролцсон олон улсын компаниудад ажилладаг эмэгтэйчүүдийн ажлын байрны бэлгийн дарамт нэлээд анхаарал татдаг. Хүний эрхийн зөрчлийн асуудал салбар харгалзахгүйгээр, хэн ажиллаж байгаагаас үл хамааралтайгаар  гарч ирдэг учраас  аливаа  байгууллага дээр хүний эрхийн асуудлаар огт зөрчил гардаггүй гэхэд хүндрэлтэй байгаа юм. Авилгын индекс гээд олон улсад хэрэглэгддэг индекс хүний эрхийн байгууллагуудад хэрэглэгддэггүй. Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын нийгэм эдийн засгийн зөвлөлд өргөн барьж байгаа илтгэлтэй холбогдуулаад тусгай илтгэгч нар Засгийн газрын урилгаар Монгол улсад ирж ажилласан хэд хэдэн тохиолдол байгаа. Улс орнуудад нийтлэг гардаг зөрчил тухайн салбарт ямар түвшинд байна гэдгийг тодорхойлдог олон улсын практик бий. “ гэлээ.

 Хүний эрхийн комиссын ажлыг УИХ, УИХ-ын бүтэцтэй уялдуулах, цаашид  хүчтэй байгууллага болохын тулд ажилдаа ахиц гаргах, хүний эрхийг хангах асуудалд шударга ажиллах  ёстой гэдэг дээр гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж байлаа.

Гишүүдийн үг хэлж дууссаны дараа эхлээд ХЭҮК-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болж буй  П.Оюунчимэг, Ж.Дашдорж нарыг гишүүнээс чөлөөлөх санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжсэн юм . Дараа нь ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч нарыг тус бүрд нь санал хураалт явуулснаар  П.Оюунчимэг 68,1 хувийн саналаар, Н.Ганбаяр 60,9 хувийн саналаар дэмжигдэж  ХЭҮК-ын гишүүнээр томилогдлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш