Арабын Бүгд Найрамдах Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хандив өргөх Олон улсын бага хурал энэ сарын 30-нд Эль-Кувейт хотноо боллоо.
Бага хуралд нийт 63 орны зочид төлөөлөгчид, тэдгээрийн дотор Йорданы хаан, Ливан, Тунисийн Ерөнхийлөгч, АНЭУ, Бахрейны үе залгамжлах хунтайж, Алжирийн Үндэсний Ассамблейн дарга, Люксембург, Ливийн Ерөнхий сайдын орлогч, Болгар, Морокко, Энэтхэг, Катар, Мавританийн Гадаад хэргийн сайд зэрэг хүмүүс оролцсон байна. Түүнчлэн НҮБ болон түүний системийн салбар байгууллагууд, Арабын улсуудын Холбоо, Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл, Европын Комисс, Исламын хамтын ажиллагааны байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож, бага хурлыг Кувейтийн Эмир нээж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн даргалан явуулав.
Манай улсаас уг хуралд Эль-Кувейт дэх ЭСЯ-ны Түр хамаарагч Д.Батсайхан оролцож, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэгээс гаргаж буй Сирид хүмүүнлэгийн тусламж болгон хандив өргөх санаачлагыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 10 мянган ам. доллар хандивлахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ.
Бага хуралд оролцогсод иргэний дайны хөлд нэрвэгдэж буй Сирийн энгийн номхон иргэдэд шаардлагатай хүнс, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор хилийн нээлттэй бүс байгуулахыг санал болгов. 2013 оны эхний зургаан сарын хугацаанд Сирийн дүрвэгсдэд туслах санхүүжилтэнд 1,5 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан ба дээрх Бага хурлын үеэр улс орнууд болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын зүгээс дээрх хэмжээнээс илүү хөрөнгө хандив өргөснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хуралдааны төгсгөлд онцлон тэмдэглэв.