Дараа нь Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.
Хаягжуулалтыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар хууль эрх зүйн зохицуулалт өмнө нь байгаагүй аж. Иймд одоо хууль батлан гаргаад, түүний дагуу Засгийн газар холбогдох журам гаргаж, хаягжуулах ажлыг хэрэгжүүлэх юм байна. Гэхдээ дан ганц Улаанбаатар хотыг хаягжуулах бус хөдөө орон нутагт ч энэ ажил хийгдэх бөгөөд малчдын өвөлжөө, хаваржаа ч хаягтай болох аж. Үүний тулд хаягжуулах нэгдсэн нэг технологийг ашиглахаар болжээ.
Чуулганы хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй есөн саналын томъёоллоор санал хураалт явуулж дуусаад, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороо руу нь шилжүүлсэн.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийлээ.
Тогтоолын төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл асуулт асууж, хариулт авсан. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ажлын хэсэг болон хамтарсан холбогдох хоёр байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 16 саналын томъёоллоор УИХ-ын дарга санал хураалт явуулж, гишүүдийн дэмжлэгийг авлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуусан. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “хөгжлийн бэрхшээлийг” тодорхойлох ажил нэлээд хүнд суртал, чирэгдлийг дагуулдаг. Үүнийг хөнгөвчлөх талаар хуулийн төсөлд ямар зүйл тусгасан бэ гэж байв. Эрхэм гишүүн цааш нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд параолимпод оролцоход мөн бэрхшээл, хүндрэлтэй байдаг, үүнийг зохицуулах талаар чухам хэрхэн анхаарах вэ гэдгийг ч тодруулсан.
Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, нэг томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан тухай Л.Эрдэнэчимэг гишүүн дурдаад, энэ хуулийн төсөл нь зөвхөн 16 хүртэлх насны хүүхдэд зориулагдсан хязгаарлагдмал төсөл гэдгийг хэлж байсан. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны иргэд, тамирчдын уралдаан, тэмцээнд оролцох хөнгөлөлт болон бусад асуудлын талаар товч хариултыг өгч байлаа.
Ингээд байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн хамгааллын зарим заалтууд хасагдсан нь ямар учиртайг тодруулсан юм.
Санал хураалт үргэлжилж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амралт, сувилалд явах унааны зардлын хөнгөлөлт болон бусад асуудлыг нэгдсэн чуулган хэлэлцэж байна.