“Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүд байр сууриа идэвхтэй илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ салбарын зөвхөн зорчигч тээвэрлэх тухайд бус ачаа тээврийн талаарх бодлогын асуудлыг сонирхсон бол УИХ-ын гишүүн Д.Батцогт салбарын бодлогын баримт бичгийг хэрхэн боловсруулдгийг тодруулж, хувьчлалын тухайд арай болоогүй юм биш үү, шинэ маягийн “луйвар” эхлүүлчих вий, цаг нь арай болоогүй гэдгийг ярьсан санагдана гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн.
Чуулганы цагийг сунгах талаар хуралдаан даргалагч хэлсний дараа УИХ-ын гишүүн А.Бакей асуулт асууж, зүй ёсны монополь гэдгээр хувьчлалыг ярьж байгаа эсэхийг тодруулсан. Тэрээр чөлөөт бүс гэдэг ойлголттой асуудал хэрхэн холбогдож байгааг асуухад, УИХ-ын гишүүн Д.Ганбат, зүй ёсны монополь гэсэн ойлголтоор явна гээд гадаадын зах зээл дээр өрсөлдөөн ихтэй гэдгийг ч дурдсан. Мөн чөлөөт бүс гэдэг дээр бодлогын баримт бичиг оруулахдаа судалгаа хийсэн байгаа, бодлогоор оруулж ирсэн хэмээж байв.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, хурлаас гарч буй баримт бичгийг гаднын бодлогоор яваад байна гэж хэлж болохгүй байх гээд энэ асуудлын Ажлын хэсэгт байгаагаа дурдсан. Тэрээр үндэсний авиа компани яагаад алдагдалтай ажиллаад буйг хэлж өгөхийг хүссэн. Ер нь өрсөлдөөний талаарх салбарын сайдын байр суурийг асуусан.
Харин сайд А.Гансүх МИАТ ашигтай ажиллахаас илүү нийгмийн захиалгыг биелүүлж байгаа, шатахууны хараат байдалд байдаг, хамгийн үнэтэй шатахуун хэрэглэдэг, төрийн ямар нэг бодитой дэмжлэг байдаггүй, дээр нь үргүй зардал их гардаг гэсэн юм.
Ингээд асуулт, хариултын дараа Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах болоход ирцийн байдал хангалтгүй байгаа зэргийг харгалзан хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнээ гишүүдэд дуулгав.
Өнөөдрийн баасан гаригийн нэгдсэн чуулганы хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.