logo
Клиникийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилгын түлхүүрийг хүлээлгэн өгөв

Клиникийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилгын түлхүүрийг хүлээлгэн өгөв

2013/02/01

Клиникийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилгын түлхүүрийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр болж Сентерра Гоулд Корпораци 150 ортой шинэ төрөх эмнэлгийн түлхүүрийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд гардуулан өглөө.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал нийт зочдод хандан та бид түүхэн үйл явлын гэрч болж байна. Монгол улсын ууган төрөх эмнэлгийн өргөтгөлийн түлхүүрийг гардан авах ёслолын ажиллагаанд оролцож байна. Энэхүү бүтээн байгуулалтыг “Эх, үрсийн өргөө” хэмээн нэрлэмээр байгаагаа хэлээд, бүтээн байгуулахад оролцсон нийгмийн хариуцлагатай компаниудын хамт олонд Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс, ЭМЯ-ны нэрийн өмнөөс, Монголын мянга мянган эх үрсийн нэрийн өмнөөс, Монголын бүх ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Түүнчлэн тэрбээр хэлэхдээ түлхүүр хүлээн авч байх үедээ Монголын эх, үрс эхийн халуун гарт, сайхан сэтгэлтэй эхийн хайр халамжинд орж байгаа мэт сэтгэгдэл төрлөө гэв. Тийм учраас нийслэлийн эхчүүд, хорвоод мэндэлж буй үрс, тэдний эрүүл мэндийн хамгаалах сайхан өргөөтэй болж байна, энд ажиллах эмч ажилчид чанартай, найдвартай эмнэлгийн тусламжийг үзүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ү.Бат-Үүлд түлхүүрийг гардуулан өгөхдөө Таны гарт нийслэлийн эх, үрсийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй шилжиж байна хэмээв.

“Бороо Гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч Жон Казакофф нээлтийн үеэр Шинэ хүн хорвоод мэндэлж эрүүл саруул төрөх нь энэ амьдралын юутай ч зүйрлэшгүй үнэт зүйл байдаг. Эмнэлэг маань Монголын олон хүүхдийг аюулгүй эрүүл орчинд төрөх нөхцлөөр хангаж байгаа нь хамгийн чухал юм гээд, энэхүү эмнэлгийн өргөтгөл нь Сентерра Гоулд компани, Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын захиргаа болон “Цаст Констракшн” ХХК-ийн хамтын ажиллагааны үр дүн гэв.

Килиникийн нэгдүгээр амаржих газрын шинэ барилгын нээлтийн ёслолын үеэр “Цаст констракшн” ХХК-ны ерөнхий захирал Н.Баярсайханы энэ билэгтэй сайн өдөр Монголынхоо ирээдүйг хүлээн авах их өргөө болсон Клиникийн нэгдүгээр амаржих газрын шинэ барилгын түлхүүр гардуулан өгөхөөр хуран цугларсан хамт олонтой мэндчилээд Монголын төрөх эмнэлэг Олон улсын стандартад нийцсэн байр сууцтай болж буй нь сайхан хэрэг юм. Энэ хариуцлагатай ажлыг гардан гүйцэтгэхээр сонгогдсоныхоо хувьд Цастын нийт ажилчдынхаа өмнөөс болон хувиасаа захиалагч ЭМЯ, НХОГ, барилгын хөрөнгө оруулалт гаргасан “Бороо Гоулд” ХХК, Канадын “Сентерра Гоулд” ХХК-ийн удирлагууд, өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан инженерүүд, барилгын ажилчид, туслан гүйцэтгэгч байгууллагууддаа гүн талархал илэрхийлэв.

Манай “Цаст Констракшн” ХХК улсын онцгой обьектуудын нэг болох Клиникийн нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг барихаар шалгарахдаа өөрсдөөрөө бахарахын зэрэгцээ маш өндөр хариуцлага давхар ирж буйг ухамсарлаж байлаа. Учир нь бидний үр хүүхдийн халуун амь мэндлэх өлгий, Монгол улсын ирээдүйн эздийн өлгий болох төрөх эмнэлгийн барилга гэдэг утгаараа бүхий л сэтгэлээ гарган, хайраа шингээж, олон улсын стандартад нийцүүлэн барихаар хичээсэн. Энэ хичээл зүтгэл минь биелэлээ олж, барилгаа хүлээлгэн өгч байна. Энд захиалагч талууд, хөрөнгө оруулагч компани, нэн ялангуяа үйлчлүүлэгч олон түмний сэтгэлд хүрсэн бүтээн байгуулалт хийх нь бидний хувьд хамгийн чухал байлаа.

Шинэ төрөх эмнэлэг маань орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн салхивч болон хүчилтөрөгчийн систем, вакум мэс заслын тусгай өрөөнүүд, тог тасрахад гурван секундын дотор сэлгэн залгалт хийж, автоматаар асах дизель цахилгаан үүсгүүр зэрэг дурдаад байвал олон давуу талтай.

Барилгын угсралтын нийт төсөвт өртөгт 7,3 тэрбум төгрөг төсөвлөснөөс ажилчдын цалинд 1,1 тэрбум, бараа материал, ажил үйлчилгээнд 5,1 тэрбум, НӨАТ-т 289 сая төгрөгийг зарцуулж, нийт үндсэн болон туслан гүйцэтгэгч мэргэжлийн 21 байгууллагын 310 гаруй ажилтан хүч хөдөлмөрөөрөө босголоо.

Энэ хугацаанд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ямар нэгэн зөрчил дутагдал гаргасангүй.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ олон хүн эх орныхоо ирээдүйгээ хайрлах уужим сэтгэлээ шингээж барьсан олон улсын чанар стандартад хүрсэн шинэ төрөх эмнэлгээ Монгол түмэндээ өргөн барья хэмээгээд шинэ төрөх эмнэлгийн барилга маань бид бүхний хамтын ажиллагаа, эв нэгдлийн бэлгэдэл болон сүндэрлэлээ гэв.

Уг ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ү.Бат-Үүл, “Бороо Гоулд” ХХК, Сентерра Гоулд Корпорацийн удирдлагууд, “Цаст констракшн” ХХК-ны ерөнхий захирал Н.Баярсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Сентерра Гоулд Корпораци нь Улаанбаатар хотын 1-р амаржих газрын шинэ өргөтгөл барих төсөлд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд амаржих эмэгтэйчүүдийн зориулалттай 100, нярайн эмчилгээний 50 ортой байх аж.

Тус эмнэлгийн барилга нь 1,4 тэрбум орчим төгрөгийн эмчилгээ, оношлогоо, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд эмчлүүлэгч тус бүр хүчилтөрөгчийн аппараттай холбогдох боломжтой юм байна. Харин эмнэлэг өвчтнүүдээ хүлээж авах бэлтгэл ажлуудаа хангаж байгаа бөгөөд 2013 оны эхний хагаст үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш