Цаг шахам үргэлжилсэн цомхон концертын хөтөлбөрт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ын гоцлол болон найрал дуучид, бүжигчдийн тоглолт, УДБЭТ-ын симфони найрал хөгжмийн аялгуу, дэлхийн сонгодог дуурь, бүжгэн жүжгийн хэсэг, уран нугаралт зэрэг үндэсний болон Европын сонгодог урлагийн бүтээлийн дээжис багтсан нь Монголын урлагийн хөгжлийн олон талт өнгө төрхийг илтгэж байв. Хүндэт зочид Бүх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын гоцлол дуучин Ч.Баярмаагийн хайрын тухай хятад дуу эгшиглэж эхлэнгүүт алга ташин баяр хүргэж, айлчлалыг сурвалжлахаар ирсэн Хятадын хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын сэтгүүлчид ҮДБЭЧ-ын уран нугараач О.Цэцэглэнгийн “Сэтгэмж” уран нугаралт, тус чуулгын бүжигчдийн “Жороон жороон” хэмээх цоглог бүжиг, УДБЭТ-ын бүжигчдийн тоглосон П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн адажиог гэрэл зургийн болон дүрс бичлэгийн төхөөрөмждөө шаргуу буулган авч байв.
Монгол ардын уртын дуу “Уяхан Замбуутивийн наран”-гаас УДБЭТ-ын "Нюанс" хамтлагийн сонгодог попури, Ж.Россинигийн “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ари хүртэл монгол дуучдын хоолойн цар хүрээг шалгасан үндэсний болон сонгодог дуу хөгжмийн энэхүү тоглолтыг УИХ-ын дарга З.Энхболд, түүний хүндэт зочин У Бангуо тэргүүтэй төлөөлөгчид, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон хоёр талын албаны хүмүүс үзэж сонирхсон юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.