logo
Хоёрдугаар шатлалын эмнэлгийн төлөөлөл болгож Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцав

Хоёрдугаар шатлалын эмнэлгийн төлөөлөл болгож Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцав

2013/02/01

Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч нарт хандан тулгарч буй асуудлуудаа хэлж, ярилцахыг санал болголоо.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхжуулах, төрөлжсөн бүтцээр ажиллуулах зэрэг Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх асуудлууд байгааг хэлсэн.

Харин эмч нарыг сонсохын өмнө хүүхдээ эмчлүүлэн хэвтэж буй нэгэн иргэнийг дуудан ирүүлж уулзахад, тэрбээр тус эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, охин нь уушгиндаа багтраатай ирсэн ч тариа хийлгэн 2 хоноод зүгээр болж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Монгол улсын эрүүл мэндийн салбарт давуу болон сул талууд байна хэмээн ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн хэлснийг дурдаад, түүний хэлснээр өвдсөн хүнийг шууд хүчтэй эм, тариагаар эмчилж хурдан эдгээх, тариулахгүй л бол эмчилгээ хийгээгүй гэж үздэгийг “дэлхийгээс зөрсөн гажиг” гэж хэлж байсныг онцолжээ.

Гэвч СБД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ тариа хийлгээгүй иргэд өргөдөл, гомдлын утасруу хандан эмчлэхгүй байна гээд гомдол мэдүүлдгийг хэлэв. Тэрбээр цааш хэлэхдээ Иргэд эрүүл мэндээ баялаг гэж боддоггүй, хүнд даатгадаг, эмнэлэгт даатгаад орхичихдог. Таны эрүүл мэнд үнэтэй шүү гэдгийг ойлгуулах тогтолцоо хэрэгтэй байна. Хүмүүс хамгийн эцсийн шатандаа орохоороо ирэх нь элбэг. Уг нь тэд машиныхаа моторын тосыг хэчнээн мөнгө төлөөд солиулчихдаг хэрнээ, эрүүл мэнддээ нэг ч төгрөг зарцуулахаа мэдэхгүй байна гэв. Хэрвээ бид хэдэн төгрөг аваад эмчилсэн бол бөөн юм болно. Цаана нь эрүүл мэндэд нь асар их хөрөнгө оруулж байгааг ойлгодоггүй. Мөн Монгол хүн 8000 төгрөгөнд эрүүл мэндээ жилийн турш даатгаж байна гэлээ.

Түүнчлэн архинаас болж эмнэлэг хамаг эм, тариагаа шавхдаг, эмч нар ядардаг, бидний хувцаснаас архи үнэрттэл ажиллаж байна. Тэгэхэд архи нь чөлөөтэй, архины бизнес нь чөлөөтэй, архины үйлдвэрүүд нь чөлөөтэй ажиллаж байна гэж шүүмжлээд, архины хордлогоос болоод сар бүр хэд хэдээрээ нас бардгийг хэллээ. Архины хордлогоор нас барсан хүний даатгалын мөнгө орж ирдэггүй, бүх юмыг төр даагаад байдаг биш иргэн өөрөө хариуцдаг чиглэлрүү хандуулж өгөхийг тэрбээр хүсээд хэдэн төгрөг төлөөд эмчлүүлдэг болчихвол эрүүл мэнддээ анхаардаг болохыг үгүйсгэх аргагүй гэв. Архинд мөнгөө өгсөн иргэнийг эмчилгээндээ энэ төлбөрөө өгөөчээ гэхээр дургүйцдэг. Иргэн хүн өөрийн эрүүл мэндээ хамгаалж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ төлбөр төлөх дургүй болсон тогтолцоонд анхаармаар байгааг ярив.

Эмч нарт хандан хоёрдугаар шатлалд иргэдтэй холбоотой юу болохгүй байгааг Ерөнхий сайд асууж, хэрхэн өөрчлөх нь зүйтэй вэ гэдгийг тодруулахад,

Эмч нарын зүгээс, Хагалгаанд орсон хүн заавал 2 хонож байж эмнэлгээс гарах нь буруу, хагалгаа хийгээд орой нь гарах боломжтой хэмээн Нэгдүгээр эмнэлгийн эмч нарын хэлсэнтэй санал нийлэхгүй байгааг хэлж, тэндээсээ гараад боолгох гээд Хоёрдугаар шатлалд ачаалал нэмэгддэг.

Сургалтын хувьд сүүлийн үеийн сувилагчдын чадвар тааруу төгсөж байна. Сувилагч ажилд авах урилга тараахад ирдэг хүн алга, одоогоор 73 сувилагчтай ажиллаж байгаа.

Манай эмнэлгийн барилга 1970 онд байгуулагдсан барилга, хүн ам цөөн байх үед үйлчилгээ явуулахад төвөг учирдаггүй байсан, одоо жил ирэх тусам өсөж буй хүн амын тоог дагаад эмнэлгийн тоо, өргөтгөлийг нэмэх шаардлагатай байна.

Идэр залуу, юм хийх насныхан элэгний хавдраар ирээд нас бардаг нь их харамсалтай байдаг. Тиймээс иргэдэд эрүүл мэндийн боловсролыг олгох хэрэгтэй. Бас нэмээд хэлэхэд манай эрүүл мэндийн төв 165 ортой ч ор хүрэлцдэггүй, 1 эмчид 20-30 өвчтөн ногддог.

Үйлчлүүлэгчдээс өрхийн эмнэлэгт нь ямар эмч байна гээд асуухад мэдэхгүй нэг охин ирсэн байна лээ гэдэг. Тэнд эмч нар тогтвор суурьшилтай ажиллах хэрэгтэй.

Шавь төвтэй сургалт гээд сурсаар байгаад хамаг залуу насаа өнгөрүүлэх болж байна. 6 жил сурчихаад, 2 жил ажиллана, дараа нь резидэнтэд 4 жил сурдаг болох сураг байна. Энэ явц бол хийх эрмэлзэл дүүрэн байгаа залуусын гал дөлийг нь унтрааж байна гээд амьдрал өөрөө их сургууль гэдгийг хэлж байв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш