logo
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 5 дахь дугаар хэвлэгдэв

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 5 дахь дугаар хэвлэгдэв

2013/02/01
 Эмхэтгэлийн шинэ дугаарт, Банкин дахь хадгаламжийн даатгалын тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэллээ. Энэ хууль нь банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилттой ажээ.

 Ямар тохиолдолд хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд банкны оролцох оролцоо дуусгавар болох, даатгалын тохиолдол бий болсон өдөрт тооцох, ямар хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарагдахгүй байх, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ хэд байх, түүнийг хэрхэн тооцох, хадгаламжийн даатгалын санг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх, хадгаламжийн даатгалын хураамж ямар хураамжаас бүрдэх зэрэг мэдээллийг энэ хуулиас авах боломжтой .Мөн улирлын хураамжийн хувийг ямар аргачлалаар тооцох, хадгаламж эзэмшигч ямар эрхтэй байх, хадгаламжийн даатгалын Корпораци түүний удирдлага, зохион байгуулалтыг хуульчилсаны зэрэгцээ тайлан, мэдээ, мэдээллээр хангах талаар банк ямар үүрэг хүлээх, хууль тогтоомж зөрчигчид ямар хариуцлага хүлээлгэхийг тусгасан байна. Энэ хууль батлагдсантай холбоотой Банкны тухай, Иргэний тухай, Даатгалын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг эмхэтгэлд нийтэллээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн  Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар  Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн орон тоог нэмж, нэмэгдсэн орон тоонд шүүгчийг сонгон шалгаруулан, Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажлыг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулна гэжээ.

Үүнээс гадна Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай , Хуульчийн эрх зүйн байдлын тухай , Эвлэрүүлэн зуучлалын тухай   хуулиудад нэмэлт,  өөрчлөлт оруулсан хулиудыг нийтэллээ.

Мөн дугаарт, Зарим хууль, тогтоолын төслийг буцаах тухай УИХ-ын тогтоолыг хавсралтын хамт мөн түүнчлэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Төрийн албаны зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх, орон тооны гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Эмхэтгэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим зарлиг, Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.

Дүрэм батлах тухай Засгийн газрын тогтоолоор барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийг хавсралтын хамт батлан гаргасан байна.  Хавсралтад барилга байгууламжийн ангиллаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах байгууллага болон комиссын бүрэлдэхүүнийг тогтоожээ. Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш