logo
Зарим бөхийн давааг хүчингүй болгох хүсэлтийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо

Зарим бөхийн давааг хүчингүй болгох хүсэлтийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо

2013/02/02

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал  өнөөдөр болж,  өнгөрсөн оны үндэсний их  баяр наадмын барилдаанд сэргээш хэрэглэсэн зарим бөхчүүдийн давааг хүчингүй болгох талаар ярилцаж шийдвэрлэлээ. Хуралдаанаар сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Улсын арслан Х.Мөнхбаатарын тав, зургаа долоогийн давааг хүчингүй болгож “ Чимэг”-ийг хураах, Улсын начин Б.Сугаржаргалыг үндэсний бөхөөр барилдах  эрхийг  зургаан сарын хугацаагаар хасах шийдвэрийг  гишүүд гаргасан байна. 

Мөн үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын арслан Х.Мөнхбаатарт унасан Улсын начин Ж. Оргилд  өсөх идэр чимэг олгох,  мөн зургаагийн даваанд унасан Улсын начин Ж.Амартүвшинд улсын харцага цол олгох,  долоогийн даваанд унасан Т.Санчирт Улсын заан цол олгох хүсэлтийг  гишүүдээс гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр  болсон байна. 

 Мөн энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва энэ жилийн улсын баяр наадмыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ард иргэдээсээ санал хүсэлтийг нь авах,  олон жил яригдсан цэнгэлдэх хүрээлэнг хагас саравчтай болгож, эргэн тойронд нь аюулгүй орчныг бий болгоход анхаарч   төлөвлөгөө гарган ажиллахыг  гишүүүдэд үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш