Хөдөлмөрйн яамнаас санаачлан ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцлийг бүрдүүлж, ажил олгогчдоос ирсэн захиалгын дагуу богино хугацааны эрчимжсэн сургалтыг зохион байгуулж эхэллээ. Энэ ажлын хүрээнд сургалтанд хамрагдаж, ажилд орох хүсэлтэй 8900орчим иргэн 1-р сарын 7-ноос 1-р сарын 31-нийг дуустал Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлж, ажил олгогчдоос Улаанбаатар хотод 3978, хөдөөд 5400 орчим ажлын байрны захиалга ирсэн байна. Ажил олгогчид ярилцлагын үндсэн дээр сонгон шалгаруулж 1-р сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод 1627, орон нутагт 3325 ажил хайгчтай гэрээ байгуулан, 2 сарын 1-ээс Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад сургалтын үйл ажиллагаа эхэлж байна.
Хөтөлбөрт хамрагдагчид УБ хотод 16, хөдөө орон нутагт 29 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 47 мэргэжлээр суралцаж, эхний 2 сарыг танхимд онолыг мэдлэг заалгаж, үлдсэн 3 сарыг ажил олгог чажлын байран дээр үйлдвэрлэлийн дадлага хийнэ. Онолын мэдлэг, үйлдвэрлэлийн дадлага хосолсон сургалтын хосмог хэлбэрээр явагдаж буй тус сургалт мэргэжлийн агуулга, хөтөлбөрөөс шалтгаалан 5 сар хүртэлх хугацаатай байна. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хоёр үе шаттай явагдаж, түүний үр дүнд 6600 хөдөлмөрийн насны иргэн богино хугацааны сургалтанд хамрагдаж, ажлын байртай болох юм. Мөн суралцах хугацаандаа сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг авч, нийгмийн даатгалд даатгуулна.
Сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд ажил олгогчийг татан оролцуулах бөгөөд ингэснээр ажил олгогч суралцагчдад ямар ур чадвар түлхүү эзэмшүүлэхээ сонгож, сургалтын байгууллагатай хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах зэрэгт хамтран ажиллаж байгаа нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” –ийн онцлог юм. Суралцагч төгсөхдөө чадамжийн гэрчилгээ гардан авах бөгөөд дадлага хийсэн аж ахуй нэгж байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах тогтвортой ажлын байртай болж байгаа юм.