logo
Шинжлэх ухааныг өндөрт өргөсөн улс оронд хүн өндөрт зогсдог

Шинжлэх ухааныг өндөрт өргөсөн улс оронд хүн өндөрт зогсдог

2013/02/02
Оршил буюу даяарчлалын давалгаан дахь луужингүй монгол

Нийгмийн цаашдын хөгжлийн хязгаарлагдмал байдлыг зөвхөн техникийн дэвшил ба эдийн засгийн өсөлтөөр даван туулж чадахгүй болох нь улам бур тодорхой болж байна. Тэр тусмаа Монгол Улсын нийгмийн хөгжлийн хоцрогдол, зогсонги байдал, цаашдын бууралтыг гадаадын зээл тусламж, хязгаарлагдмал хөрөнгө оруулалтад дулдуйдан хувийн хэвшлийн жижиг үйлдвэрийн эсөлтөөр туулж давахгүй гэдэг нь одоо бидэнд ойлгогдож эхлээд байна.
Ирээдүйн хөгжил нь юуны өмнө соелын ерөнхий төвшин, шийдвэр гаргах чадвартай, асуудлыг танин мэдэхүйн өргөн мэдлэгтэй хүний ухаан бодлоор тодорхойлогддог нь улам бүр тод боллоо. Монголын ирээдүй юунаас хамаарах вэ гэвэл юуны өмнө үндэсний соёл, түүхэн уламжлалт зохист бүтэцтэй бичиг, боловсролоо хадгалан үлдэж чадах эсэхээс ихээхэн шалтгаална. Боловсролын хөгжил нь нийгмийн хөгжлийн бүрэлдэхүний нэг хэсэг болдог бол боловсорлын бодлого нь ирээдүйн хөгжлийн ямар нэг төслийг хэрэгжүүлэх хамгийн үр ашигтай аргын нэг болж явдаг. Энэ агуулгаар өнөөдрийн гол бодлого нь боловсрол болж байна. Боловсролын тухай хууль боловсролын хүрээний тэргүүлэх байр суурийг манайд  зарласан.  Үүний дотор боловсролын хүмүүнлиг шинж чанар, хүний нийтлэг эрх ашгийг хамгаалах, хангах асуудал тэргүүлэх байр сууринд тавигдаж явах учиртай. Боловсролыг олгох хэрэглүүд нь хэл, бичиг хоёр. Тэгвэл монгол бичгийн хэл өнөөдрийн нөхцөл байдалд оюун санааны үйлдлийн хэл болохын хувьд нийгэм, сэтгэлзүй ба бүтцийн талаараа өөрчлөлтөд орж үгийн утга мөнхүү чанараараа ноцтой гэж хэлэхүйц өөрчлөлтийг бий болгож байна. Ер нь аливаа нийгэм өөрийн тодорхой бөгөөд өөрийн гэсэн үндэсний соёлоо хэл, бичиг хоёроороо уламжлан дамжуулж бий болгодог гэдгийг бид анхаарах нь чухал зүйл, харин компьютерийн технологийн түргэн хөгжлийн энэ эриний нөхцөлд түүнийгээ хадгалах явдал манай монголд улам бүр бэрхшээлтэй болж байна. Даяарчлалын давалгаанд бидний монголчууд  луужингүй хошуурч явна уу даа гэж санагдах юм. Оросын, Хятадын, Германы ард түмний хэл, бичгийн уламжлал нь даяарчлагдаж ангил хэл болохгүй нь аксиом байх болов уу, харин бид чинь соёлоо хадгалъя гэвэл хуучин монгол бичиг, крилл шинэ бичиг, монгол хэлээ хадгалах, хамгаалах учир байх ёстой баймаар юм. Боловсрол, шинжлэх ухааны тухай ярихад соёлын тухай ярих хэрэг надад бий болов.
Соёлгүй боловсрол, соёлгүй шинжлэх ухаан байдаггүй

Монголд хөгжингүй соёл. өнөөдөр шинжлэх ухаангүйгээр байж болох уу? Орчин үеийн Монголын шинжлэх ухаан нь өөрийн соёлын үүргээ хадгалж чадах уу? Боловсрол ямар байр сууринд өөрийгөө хадгалах юм бэ? Шинжлэх ухаангүй боловсрол байж чадах уу? Боловсролын салбарын боловсон хүчнээр тэтгэгдэхгүйгээр шинжлэх ухаан орших уу?
Эдгээр асуултууд нь юуны өмнө шинжлэх ухаан ямар байр суурь эзлэх ёстойг тайлбар хийхэд нийгэм надаас шаардаж байна гэж эрдэмтнийхээ хувьд би ойлгож байгаа юм. Хүний оюун санааны жинхэнэ үнэ цэнэ нь шинжлэх ухаан шинжлэх ухааны танин мэдэхүй байхгүйгээр, амьдрал ба соёл хоёр эдүгээ цагийн соёл иргэншил дотор шинжлэх ухаан боловсролгүйгээр өөрийн байр сууриа олж чадахгүй, нэгэнт байр сууриа эзэлж чадахгүй байгаа оюун санааны үнэ цэнэ өнөөдрийн нийгмийн тогтолцооны "эрээвэр хуулбар" нөхцөлд зохих түвшинд үнэлэгдэж байр суурьтай байна гэдэг ойлголт хэзээ ч сэтгэшгүй зүйл болж хоцорно.
Шинжлэх ухаан төрхөө мэдэхгүй бол хандлагаа тодорхойлж чадахгүй

Эрдэм шинжилгээний ажил бол оюуны өвөрмөц үйлдвэрлэл. Энэ үйлдвэрлэл гурван үндсэн элементээс тогтдог гэж эрдэмтэд өөрсдөө үздэг. Нэгдүгээрт, өнгөрсөн хөдөлмөр энэ бол хуримтлагдсан оюуны мэдлэг, багаж тоног төхөөрөмж, хоёрдугаарт, амьд хөдөлмөр буюу одоо ажиллаж байгаа эрдмийн потенциал, гуравдугаарт, одоо бүтээж байгаа бүтээгдэхүүн буюу шинжлэх ухааны нээлт, нийтлэл зохиол бүтээл, патент хэмээх гурван элемент байна. Монгол Улсад энэ гурван элементийн бодит харьцаа өнөөдөр ямар байна, цаашдын хандлага нь ямар чигтэй явж байна, хөрөнгө оруулалт, төр засгийн ба бизнесийн хүрээний дэмжлэг ямар байна гэдэгт задлагаа хийж үзэх хэрэгтэй байна. Өнөөдөр энэ асуудлыг Монгол Улсын ШУА ч, БСШУЯ ч анхаарахгүй, хийсэн судалгаа, дүгнэлт үнэлгээ ч байхгүй байна. Байдал төрхөө мэдэхгүй байгаа болохоор хөгжлийн цаашдын хандлагыг тодорхойлж чадахгүй байх нь ч аргагүй.
Өнөөдөр Монгол Улсад шинжлэх ухаан идэвхгүй байр суурин дээр урсгалаараа хөгжиж явна. Үүнийг нотлохын нэгэн үйл явц юу байна гэвэл шинжлэх ухааны салбарт амьд хөдөлмөрийн хэмжээ өсч, эрдэм шинжилгээний бүтээл туурвил, зохион бүтээх ажлын үр дүн нь түүнд урвуу харьцаагаар илэрч байгаа явдал юм. Энэ юуг өгүүлнэм хэмээвээс эрдэмтдийн тоо олширч, шинжлэх ухааныг хийдэг жинхэнэ лидер буюу тэргүүлэх том эрдэмтэн хүмүүс нь цөөрч байна гэсэн тайлбар гарч ирж байна. Их сургуулиудад нээгдсэн боловсролын (Рh.D) доктор олгох докторантурын сургалтг нь чанаргүй, чадвар төгс бус олон «эрдэмтэн» хавтгайруулан бэлтгэж байгаа явдал юм. Энэ хандлагыг Монгол Улс зогсоохгүй бол олон эрдэмтэн доктортой боловч шинжлэх ухаан техникийн хөгжлийн төвшингөөр дэлхийн жишгээс хоцрогдсон гүрний нэг болох чигт орсон улс XXI зуун руу орж явна, энэ байдал улам гүнзгийрч газар авах үйл явц нүүрлэж байна. Яваандаа бакалаврын диплом өвөртөлсөн дээд боловсрол бүхий ажилгүй залуучуудтай орон болж магадгүй байна, магадгүй ч биш ер нь ийм тавилан бий болох нь байна.

Шинжлэх ухаан ба боловсролын хямрал

Монгол дахь өнөөдрийн шинжлэх ухаан ба боловсролын хямралыг даван онолын суурь шинжлэх ухааны үндсэн үүрэг хариуцлагыг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Өөрчлөлт, шинэчлэлийн аливаа стратегийн концепцийн суурь элементүүд нь дараах 2 зүйлээс бүрэлдэн тогтдог байна. Үүний эхнийх нь суурь шинжлэх ухааны орчин үеийн шинжлэх ухааны гүн багтаамжтай техник, технологийн үндэс болохын хувьд нь хадгалан үлдээх ба хөгжүүлэх явдал мөн бол дараах зүйл нь их сургуулиудын суурь шинжлэх ухааныг өндөр мэдлэг, мэдээлэл эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхийн хувьд хадгалан үлдээж дэмжин хөгжүүлэх явдал яах аргагүй мөн билээ. Үүнээс гадна оюутныг хүмүүжүүлэх, цэгцтэй концепци өнөөдөр манай улсад алга болж байгаа явдал өнөөгийн хямралын бас нэг үр дагаврыг илэрхийлэх асуудал, үүнийг бид даван гарахгүйгээр сэтгэл санааны чин эрмэлзэл, оюун ухааны гүнзгий сэтгэлгээтэй, XXI зууны хөгжилд нийцсэн сэхээтний төлөөлөгчдийг бэлтгэж чадахгүй болох нь байна. Иймээс оюутны хүмүүжлийн язгуур үндэс болсон зорилго, зарчим ба үзэл баримтлалыг эргэж харах нь зайлшгүй хийх бодит шаардлага болж гарлаа, ийм шаардлагад монголын нийгэм XXI зууны босгон дээр тулж ирлээ. Сүүлийн 10 жилд улсын төсвийн ба төлбөртэй боловсролын хэлбэр олон тооны төвөгтэй байдлыг, муу үр дагаврыг бий болголоо.
Өнгөрсөн зууны эхэнд Петербургийн шинжлэх ухааны академийн эрдэмтэн багш нар ба их сургуулиудын оюутнууд уриалга гаргаж боловсрол, шинжлэх ухааныхаа холбоог тодорхойлсон нэг уриалга гаргасан байдаг, тэр уриалгын утга агуулга нь «Хаана шинжлэх ухаан өндөрт оршино, тэнд хүн өндөрт зогсоно» гэдэг үгээр илэрхийлэгдэж байлаа. Энэ үгийг эзэн хаант Орос гүрний оросуудын үг гэж ардчиллаар гадуурхахгүйгээр, харин ч манай энэрэнгүй хүмүүнлиг нийгмийн XXI зууны оюуны том уриа болоосой билээ гэж хэлмээр байна.
Энэ бол миний бичих шинжлэх ухаан ба боловсролын, тэгэхдээ дээд боловсролын хүрээнд хэлэх гэсэн санаа бодлын удиртгал болно гэж бодож байна.
 
Дээд боловсрол хэлбэрийн төдий сургалтын систем болжээ

Боловсролын тухай үгээ хэлэхдээ би дээд боловсролын тухай Монгол Улсын хуулинд засвар хийх гэсэн оролдлогоор илэрхийлэх гээгүй ээ. Дээд боловсролын систем, түүний байгууллага нь өөр хоорондоо бүтэц, зорилго, бодлогын хувьд, мэргэжилтэн бэлтгэх төвшингөөрөө бараг ялгаагүй болсон байна. Хуулинд тодорхойлсноор зургадугаар зүйлийн нэгдэх хэсэгт дээд боловсолын байгууллага нь их сургууль, коллеж гэсэн ангилалтай байна гэж 1998 оны долдугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчилжээ. Гэтэл өнөөдөр манай улсад ажиллаж байгаа олон тооны хувийн дээд сургууль нь их сургууль ч биш, коллеж ч биш болохоор аль ангилалд хамаарах нь тодорхой бус байна, нэгэнт тодорхой ангилал бичихгүй юм бол ямар мэргэжилтэн бэлтгэх нь тэдний дурын хэрэг болж байна. Хуулийн зургадугаар зүйлийн 2-д «Их сургууль нь бакалаврын, магистрын, докторын зэрэг олгох дээд боловсролын байгууллага мөн». Дөрөвдүгээрт нь «Коллеж нь дипломын, бакалаврын болон магистрын зэрэг олгох ДЭЭД боловсрольн байгууллага мөн». Энэ хоёр ангилалд тодорхойлогдсоноор их сургууль нь доктор, коллеж нь дипломын мэргэжилтэн бэлтгэнэ гэдэг утгаар ялгагдах төдий байх юм. Аль аль нь бакалавр, магистр бэлтгэх эрхтэй хирнээ ангилал, зэрэглэл нь магадлан итгэмжлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байхаар заагджээ. Хуулийн долдугаар зүйлийн хоёр ба гурав дахь хэсэгт тодорхойлсноор их сургууль нь бүтцийн хувьд өргөн эрхтэй «жинхэнэ» дээд боловсролын нэгдмэл байгууллага байхад коллеж нь шаталсан сургалт зохион байгуулж болно гэснээр «дунд боловсролын» байгууллага мэт бүтэцтэйгээр мэргэжилтэн бэлтгэж байгаа нь манай боловсролын систем төгс биш зохион байгуулалтын бүтэцтэй болжээ гэж хэлэх үндэс гарч байна. 2 ангиллаас хамаарч багшлах бүрэлдэхүүн, тэдний эрдмийн зэрэг мэргэжлийн багшийн  зэрэглэл өөр байгаа тал байна. Эндээс гарсан их сургуулийн бакалавр, магистр, коллежийн бакалавр, магистр чухам юугаараа ялгарч байгааг одоо шүүж байгаа төвийн захиргааны төв байгууллага ч алга байна. Манай улс боловсролын тухай хуулиуд, тэр тусмаа дээд боловсролын тухай хуулийг боловсруулахдаа Америкийн нэгдсэн улсын хуулийг хуулбарлан дууриасан бололтой. АНУ нь нийгмийн доторх ажиллах хүчнийг ажил хийх чадвар, мэдлэг бүхий боловсролтой болгох ядуу, дунд давхаргын хүмүүсийг сургах системийг нь манай хууль санаачлагчид, тодруулбал дэд эрдэмтэн Ламбаа тэргүүтэн олж үзсэн, танилцаж хуулбарласнаас гарцаагүй бололтой. Түүнээс биш Оксфорд, Кембриджийн их сургуулиудад элит сэхээтэн эрдэмтэн мэргэжилтэнг бэлтгэх шинжлэх ухаан сургалтын системийг дууриаж хууль «бүтээсэн» биш бололтой. Хуулийг нэгэнт ингэж гаргасан болохоор монголын их сургуулиуд, түүний дотроос МУИС-ийн сургалтын систем ийм доор түвшин рүү унах хандлагатай болов. МУИС дээр байдал ийм байхад бусад их сургуулиудын тухай ярих ч зүйл алга байна.
Монголын магиструуд гэж хэн бэ? Манай магиструудын ихэнх хувь нь магистрын диплом гэсэн хавтас өвөртөлсөн бакалаврууд гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ нь магистр болсон ба болох хүсэл тэмүүлэлтэй манай сайхан, авьяаслаг сэхээтний буруу биш ээ, энэ бол дээд боловсролын сургалтын системийн гажиг, муу үр дагавартай хуулийн цоорхойн уршгаар дутуу боловсорсон бүтээгдэхүүн гаргадаг, гажуудал мөн. Бид өрнөдийг дуурайх гээд байгаа юм бол XIX зууны жишгийн нэгэн бодит жишээг аваад үзье л дээ.
Шинжлэх ухаанд биологийн эволюцийн сургаалыг бий болгосон Английн суут их эрдэмтэн Ч.Дарвин 1869 онд «Гэрийн амьтан ба таримал ургамлын хувьсал» гэдэг гайхамшигт бүтээлээ магистрын зэрэгтэй байхдаа бичсэн бол К.А.Тимирязев Оросын эзэн хаант гүрэнд 1871 онд ургамлын фотосинтезийн тухай сургаалын үндэс болсон бүтээлээрээ магистрын зэрэг хамгаалж Петровын ХАА-н академийн профессорын орон тоон дээр (экстрординарный профессор) томилогдож байсантай зүйрлээд бодоход манай магиструуд ямар төвшинд байгаа нь ойлгогдоно.
 
Дээд боловсролын тухай Монгол Улсын хууль

1995 оны зургадугаар сарын 19-ний өдөр батлагдсан энэхүү хуулийг мөн оны наймдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байна. Энэ хууль төгс, төгөлдөр хууль болсон эсэх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1998 оны 281 дүгээр тушаал, Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 286 дугаар тушаал хэр зэрэг төгс, төгөлдөр хуульчилсан баримт бичиг гарсан бэ гэдэг талаар эрдэмтэд, их сургууль, коллежийн багш нараас гаргасан зарчмын шинжтэй саналууд одоо хэр гараагүй, гарах ч үгүй бололтой байх юм. Энэ талаар эрдэмтэн, багш хүний хувьд би өөрийн санал бодлоо илэрхийлье
1.    Дээд боловсролын тухай хууль үнэн чанартаа Монгол Улсын дээд боловсрол, тусгай дунд боловсролын мэргэжлийн сургалтыг устгасан хууль болсон.
2.    Дээд боловсролын байгууллагын тогтолцооны ангилалд (хуулийн гуравдугаар бүлэг зургадугаар зүйлийн нэг дэх хэсэг) дээд сургууль.гэдэг зэрэглэлийн ангилааг оруулаагүй байна. Хуулийн энэ заалтаар бол Монгол Улсад «дээд сургууль» байх ёсгүй юм болж байгаа юм. Гэтэл өнөөдрийн байдлаар хувийн 130 орчим дээд сургууль байгааг ямар ангилалд оруулах бэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч байна.
3.    Энэ хуулиар «их сургууль» гэж дээд боловсролын ямар байгууллагыг нэрлэх, магадлан итгэмжлэх комисс ямар зарчим, үнэлгээний хэмжүүрээр дүгнэлт гаргахыг хуульчлан тодорхойлохгүй орхигдуулсан байна.
4.    Үүнээс үүдээд хувийн дээд сургууль байгуулсан хүмүүс дээд боловсролын тухай хууль зөрчиж байна уу, эсвэл дээд сургууль байгуулах зөвшөөрөл олгосон төрийн захиргааны төв байгууллага хууль зөрчиж байна уу, энэ бол анхаарах асуудлын нэг байхаа
5. Магистр, доктор (Ph.D)-ийн сургалтын бүдүүвчлэл. Магистр, доктор (Ph.D)-ийн сургалт явуулахад баримтлах нийтлэг журам (Гэгээрлийн сайдын 1998 оны 281 дүгээр тушаал), Магистр, доктор (Ph.D)-ийн сургалт эрхлэхэд  баримтлах үлгэрчилсэн журам (Гэгээрлийн сайдын 1999 оны 286 дүгээр тушаал), сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэг (их сургуулийн бүрэн дээд боловсролгүй нэгэн болой), сайд А.Баттөр (дээд боловсролтой, эрдэмтэн бус хүмүүн) тус тус батлан мөрдүүлжээ. Боловсрол, шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллагыг (яамыг) толгойлж байсан энэ 2 түшмэлийн гаргасан тушаалууд нь Магистр, доктор (Ph.D)-ийн сургалтыг айхавтар ихээр гажуудуулсан бүдүүвчлэл, хувь хүний сонирхолд нийцүүлсэн хялбаршуулсан бөгөөд шинжлэх ухаанд мэдлэг багатай, чадвар мөхөс «эрдэмтэнг» эрэмдэглэн бий болгох арга хэмжээг хуульчилсан гэх үү дээ нэгэн больхи шийдвэрүүд бол байна.
Энэ хоёр тушаалыг хууль эрх зүйн үүднээс авч үзвэл аль аль нь Дээд боловсорлын тухай хууль дөрөвдүгээр бүлгийн есдүгээр зүйл гурав дахь хэсгийн заалтыг үндэс гаргах ёстой байтал Гэгээрлийн сайдын 1998 оны 281 дүгээр тушаал, УИХ 1998 оны 80 дугаар тогтоол, Засгийн газрын 1998 оны 226 дугаар тогтоол мөн Гэгээрлийн сайдын 1999 оны 286 дугаар тушаал, сайдын зөвлөлийн 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн гаргаснаар дээд боловсролын тухай хуулийн дээрх  заалттай зөрчигдөж байна.
Хуулийн заалтаар (есдүгээр зүйл гуравдугаар хэсэг) бол боловсрол асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үлгэрчилсэн журам батласнаар их сургууль бүр зарим коллеж ч өөр өөрсдийн магистрант,  докторант элсүүлэх, сургуулт явуулах, эрхлэх, их сургууль нь докторын (Рh.D)-зэрэг хамгаалуулах комисс, зөвлөл байгуулах эрх нээгдсэн байх юм. 281 дүгээр тушаалаар батлагдсан журам нийтлэг гэснээрээ нийтийн шинж; 286 дугаар тушаалаар батлагдсан үлгэр загвар болох шинжтэй болсноороо эдгээр журам «…магистр (доктор)-ын зэрэг хамгаалуулах комиссыг сургуулийн захирлын тушаалаар, суралцагч нэг бүр: байгуулах» эрхийг олгосон нь эрдмийн зэрэг олгох асуудлыг суралцагч (эрдмийн зэрэг горилогч докторант) хувийн ашиг сонирхолд нийцүүлэх хаалгыг нээж өгсөн шийдвэр, эрх зүйн баримт бичиг болжээ. Энэ хоёр түшмэлийн тушаалаар батлагдсан 2 журам «нийтлэг» ба «үлгэрчилсэн» гэсэн нэр, агуулгаараа төдийгүй зэрэг хамгаалуулах, зөвлөл, комисс байгуулах бүрэлдэхүүний тоо ( хуралдааны кворумын нормативаараа ч хоорондоо зөрчилдөж.байна. 6-7 хүний бүрэлдэхүүнтэй  «зөвлөлийн» гишүүдийн гуравны хоёр буюу дөрвөн хүн цуглаж хуралдаад тэдгээрийн дийлэнх олонхийн (50+1 хувийн саналаар буюу 2-3 хүний зөвшөөрсн.өөр зэрэг олгож байх жишиг гарч ирсэн шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой эрдэмтэнг бэлтгэх хэтэрхий хялбарчлал бий болгосон юм.
Ийм бүдүүвчлэл, хялбарчлал, ор нэр болох «аюулаас» гарахын тулд их сургуулиудын захирлууд дур мэдэн өөрчилж <зөвлөл, комиссын> бүрэлдэхүүнийг 13-19 хүртэл олшруулж дээд боловсролын хуулийг ч, яамнаас баталсан 2 журмыг ч бас зөрчиж байна.
Докторын сургалтад 210 кредит цаг цуглуулж хөтөлбөр ханган гэдэг ор нэрийн төдий сургалтын тооцоог хийх боллоо. Их сургуулийн мэргэжлийн хичээлийн аль нэг багш дээр очоод кредит цагийн сургалт хийлээ гэж цагийн тооцоонд нь оруулж бичүүлээд ч юмуу,магадгүй цагийн хөлсийг нь өгчихөөд дүгнүүлэх явдал гарах хандлага бий боллоо. Энэ байдлыг дээд боловсролын тухайн хуулийн 18 зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн заалтаар бий болгож өгсөн байна. Бие даан суралцаж дүгнүүлэх материаллаг ба оюуны нөөц, боломж өнөөдрийн монгол улсад байхгүй. УИХ-ийн гишүүн асан дэд эрдэмтэн Ламбаа тэргүүтэн аль ямар улсын хуулийг орчуулж, дууриасан юм бол гэж бодох сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Энэ мэтчилэн дээд боловсролын тухай хуулийн аль олон <цоорхойг> нөхөж тайлбар хийлтэй биш, үүнээс үндэслэн дараах саналыг хэлэх нь зүйтэй болов уу.
1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, УИХ-ийн холбогдох мэргэжлийн эрдэмтэн гишүүдийн оролцоотойгоор <дээд боловсролын тухай> хуулийг нухацтай авч үзэж, олон эрдэмтэд багш нарын санаа, бодлыг авсны үндсэн дээр <цоорхойгүй> хууль болгох нэмэлт өөрчлөлтийг нэн даруй  боловсруулж УИХ-д өргөн барих,
2. Гэгээрлийн сайдын 1998 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн I 281 дүгээр тушаал, түүгээр батлагдсан. <нийтлэг журам>-ыг, Гэгээрлийн сайдын 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 286 дугаар тушаал, түүгээр батлагдсан «.үлгэрчилсэн журам»-ыг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар нэн даруй хүчингүй болгож магистр, дэд доктор (Рh.D)-ын сургалтанд мөрдөх журмыг шинээр батлах нь зүйтэй байх. Эрхлэх, явуулах гэдэг үгийг ч зөв утгаар нь хэрэглэж хэвшүүлэх хүртэл утгыг нягтлах шаардлагыг ч, нийтлэг байх уу. үлгэрчилсэн байх юм уу, эсвэл шууд дагаж мөрдөх журам (хуульчилсан акт бичиг) байх юм уу гэдгийг ч шинж журам боловсруулахад бодох хэрэгтэй болов
уу?
3.    Ялангуяа 1999оны 286 дугаар тушаалаар батлагдсан магистр, доктор (Рh.D)-ын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журмын 19,20,-22, 28 ба 29дүгээр заалтыг нэн яаралтай хянаж үзэхийн зэрэгцээ 19 ба 20 дугаар заалтыг мөрдөх явдлыг 2001 оны арванхоёрдугаар сарын 1-ээр дуусгавар болгох хэрэгтэй байна.
4.    Магистрыг одоогийн хуулиар их сурууль, коллеж хоёрт бэлтгэж байна. Энэ хоёр сургуулийн магистр бэлтгэх суралтын бааз, багшлах бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжил, ур чадвар асар их ялгаатай байгаа нөхцөлд дээрх хоёр журмаас магистр бэлтгэх асуудлыг тусгайлан үлдээж, докторант (аспирант) бэлтгэх сургалтыг бие даасан өөр журмаар бэлтгэх эрх зүйн актыг боловсруулах шаардлагатай юм биш биз дээ.
5.    Төрийн ба төрийн бус эрх зүйн хуультай (статустай) дээд сургуулиуд, тодруулбал 130 орчим хувийн дээд сургуулиуд дээд боловсролын тухай хуулийн дээд боловсролын байгууллагын ангилалд хууль эрх зүйн дагуу эрх эдлэх субьектээр ороогүй байгааг залруулж дээд боловсролын байгууллагын ангилалд оруулах талаар хуулинд нэмэлт оруулах асуудал гарч байгааг анхаарууштай байна.
 
Шинлэх ухааны доктор Рh.D)-дэд эрдэмтэн бэлтгэх нь боловсролын сургалтын дээд шат мөн

Боловсролын хууль гарснаар Монгол Улсад мөрдөгдөж байсан эрдмийн зэрэг, цол олгох нэгдмэл систем задарлаа. Ингэснээр их сургуулиудын дэргэд төдийгүй зарим «дээд сургууль» гэгдэх хуулинд тодорхойгүй сургуулиудад зэрэг олгох зөвлөл байгуулагдав. Захирлуудын тушаал шийдвэрээр цол олгох болсноор газар сайгүй профессор, дэд профессорууд олноор үржиж эхэллээ. Эрдэм мэдлэгтэй, боловсрол бүхий хүмүүс эрдмийн зэрэг хамгаалж, бүтээлийнхээ хэрээр цол хүртэхийг би буруушааж байгаа юм биш, гэхдээ ингэтлээ хавтгайрах болсон нь бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэрээр туршилт сорилт хийгээгүй юм уу их хэмжээний баримт материалыг шинжлэн судлаж бясалгахгүйгээр бүр тэгэхдээ боловсролын доктор ч гэхээ больж философийн доктор гэж зэрэг хамгаалах боллоо. Энэ тохиолдолд философийн ухаан нь байгаль шинжлэлийн онолын нэгдмэл шинжлэх ухааны шинжээ алдаж, янз бүрийн мэргэжлээр Дэд докторын зэрэг хүртэгчдийн тодотгол нэр болж байна уу гэдгийг байгалийн диалектикийг судлаач философич профессор, шинжлэх ухааны доктор том эрдэмтэд тайлбар хийх байх аа. Өнөөдрийн Монгол Улсад эрдмийн зэрэг хамгаалсан хэн боловч доктор болж маргааш нь (дэд-ийг хэлэхгүйгээр) профессор гэж бичих болсныг, хувийн олон дээд сургуулиуд ч олон «доктор, профессор» багштай болж байгааг шүүж үнэлдэг, дүгнэдэг эрдмийн зэрэг цол олгох дээд комисс ч үгүй болсон явдал хяналтгүй байх анархизмыг шинжлэх ухаанд бий болголоо. Үүний учрыг нарийн судлаж үзвэл эрдмийн зэрэг цол олгох дээд комиссыг төдийгүй, социалист гэгдэх орнуудын хяналтын албыг задлаж, хяналт, захиргаа байхгүй анархизмыг бий болгож хяналт шалгалтын тогтолцоог устгах үйл явц, АНУ-аас социализмын улс орны эсрэг бүр 1948 онд АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөлөөс (1948 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 20/1 дугаартай захирамж» баталсан хүйтэн дайнаас улбаатай байх юм. Шинжлэх ухаан, техникийн салбарт тэргүүлэх, тодорхой салбарыг толгойлох эрдэмтэд байхгүй, цөмөөрөө адилхан зиндаатай «хоёр амтай буугаар хоорондоо буудалцсан шиг маргадаг сайн ч, муу ч хүнгүй урсгал дагагчдыг бий болгох гэсэн хэрэг юм. Ламбаатан чухам ямар зорилго, бодлогоор боловсролын тухай хууль гаргасныг шүүх гэж цаг, хүчээ зарах хэрэггүй байх, харин дээд боловсролын тухай хуулийг өөрчилж, шинжлэх ухааны тухай хуулийг шинээр боловсруулж, эдгээртэй холбогдож гарсан зарим бичгийг өөрчлөх, шинээр гаргах эрхзүйн баримт бичгүүдээ яаравчлан боловсруулах явдал хамгийн чухал болж байх шиг байна.
Миний бодол, саналаар бол дараахь асуудлыг даруй шийдвэрлэмээр байх юм. Үүнд:
1. Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссыг (ВАК гэж бидний хэлээд сурчихсан) энэ нэрээр нь бус эрдмийн дээд цэц гэдэг нэрээр Засгийн газрын дэргэд бие даасан бодлого, хяналтын агентлаг хэлбэрээр байгуулах, магадгүй энэ дээд цэц Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, засгийн газар солигдож байсан ч тэр бүрэлдэхүүнээ хадгалсан байнгын субьект байж болох юм.
Манай улсад Үндсэн хуулийн цэц, үндэсний бөхөд хөлийн цэц гээд хууль, журам, ёс зүйн зарчмыг хянаж байдаг тогтолцоо байхад оюун ухааны дээд шатны эрдэм боловсролын сургалтын асуудлыг хянах, маргааныг шийдэх, бүтээл диссертацийн чанар чансаа түвшинг үнэлдэг зэрэг гол горилогчдын ажилд дүгнэлт гаргадаг тогтолцоог бий болгож яагаад болохгүй байх билээ. Зарим хүмүүс энэ «…дээд цэц» яагаад БСШУЯ-ны дэргэд байж болдоггүй юм бэ гэж асуух байх л даа. Тэгвэл Засгийн газар солигдоход Засгийн газрын бүтцэд өөрчлөлт гардаг болохоор ийм нэр, үүрэг бүхий яам нь байхгүй болох тохиолдолд тэр нь хаана харьяалагдаж, юуг түших нь тодорхойгүй завсардаж, цалгардаж болох тал гарах магадлалыг үгүйсгэж болохгүй.
 
Эрдмийн дээд цэгийг сэргээх шаардлага

Дээд боловсролын тухай хуулиар шинжлэх ухааны (Sc.D) доктор, дэд доктор (Рh.D) дэд эрдэмтэн бэлтгэх нь дээд боловсролын сургалтын дээд шат юм бол түүний үйл ажиллагаа Монгол Улсын хууль, тогтоомж эрхзүйн актад нийцэж байгаа эсэхийг хянах төрийн нэрийн доор ажиллах ийм цэц зайлшгүй байх шаардлагатай болоод байна. Нөгөө талаас ийм санал дэвшүүлэх шалтгааныг бодоход энэ нь юуг үгүйлж, юуг шаардаад байна вэ гэвэл «Шинжлэх ухаан ба шинжлэх ухаан-техникийн тухай» хуулийн асуудал зайлшгүй ярих, авч үзэх, хуулийн нэг байх ёстой гэдгээс үүдэж байгаа гэж болно. 1998 оны тавдугаар сарын 7-ны өдөр УИХ-аар батлагдсан «Шинжлэх ухаан, технололгийн тухай» хууль миний хэлж байгаа дээрх хуулийг орлох юм уу төлөөлөх хууль биш. Энэ хуулийн нэгдүгээр бүлгийн нийтлэг үндэслэлийн нэгдүгээр зүйл. Хуулийн зорилтод бичсэнээр бол энэ хууль нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлж харилцааг зохицуулахад чиглэсэн байгаагаас бус шинжлэх ухаан, техник гэдэг асуудлын тухай хууль болоогүйгээс өнөөдрийн гажуудал, анархи байдал бий болж байгаа юм.
Эрдмийн дээд цэц сэргэн бий болсноор юу шийдэгдэж цэгцэрч болох вэ гэдэг асуудлаар саналаа хэлье.
1.    Эрдмийн зэргийн аттестатчлалын улсын систем бий болж энэхүү системд нийцүүлж эрдмийн цолыг олгодог асуудал журамлагдана.
2.    Монгол даяар баримтлагдах эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэжлийн ухаануудын төрөлжсөн нэршилзүй (номенклатур) бий болно. Одоо манай их сургууль, эрдмийн хүрээлэнгүүд мэргэжлийн төрөлжилтийг диссертацийн ажилд зааж өгөхдөө гурван хос (00.00.00) ба дөрвөн хос (00.00.00.00) тоон индексийг өөр өөрөөр сонгож байгаа зөрөөнүүд арилгагдаж нэгдсэн бүртгэлийн жагсаалтад орно.
3.    Шинжлэх ухааны салбаруудын нэгдсэн бүртгэлийн индексийн ангилаа (классификация) бий болно.
4.    Улсын хэмжээнд нэгэн загвар бүхий эрдмийн зэргийн ба эрдмийн цолны дипломыг бий болгож улсын нэрийн өмнөөс аттестатчлалын статус тогтоогдоно. Эдгээр дипломыг төрөөс эрх олгосон Засгийн газрын эрх мэдэл, бүхий байгууллага олгодог болгох хэрэгтэй болоод байна. Энэ асуудал шийдэгдэх учиртай.Ийм байгууллага нь эрдмийн дээд цэц байх нь зүйтэй байх аа.
5.    Их, дээд сургууль, коллеж дүүргэсний дараахь нарийн мэргэжил эзэмших нэр төдий магистрантурын төлбөрт сургалтын мораторийг байлгах уу, эсвэл устгаж, түүний оронд өөр зохистой сонголтын арга хэлбэрийг олох асуудлыг авч үзэх шаардлага ч гарна байх.
6.    Эрдмийн дээд цэц бол боловсролын дээд шатны сургалтын төрийн батламж болсон шинжлэх ухааны докторын, дэд докторын (Рh.D) зэргийн диплом, профессор, доцентын цолны дипломыг олгох эрхийг эдлэх ганц байгууллага болж байж гэм, олон их дээд сургуулийн өөрсдийн үзэмж, дизайнаар хийсэн диплом олгодог дур зоргын эрх мэдлийг цэгцэлнэ гэдгийг энд онцлон тэмдэглэв.   
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төвшинд дараахь асуудлууд цэгцлэгдэх ажил хийгдэх болов уу, тухайлбал:
1. Эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн шинэчилсэн (ноемнклатур) нэршил ба бүртгэл жагсаалт, түүний төрөлжсөн ангилгааны дагуу Их сургуулийн дэргэдэх (долоон гишүүнтэй) эрдмийн зэрэг олгох зөвлөлүүдийг өөрчлөн зохион байгуулж батлах хэрэгтэй болно байх. Манай улс шиг нийслэлдээ хамаг эрдэмтэд, номын багш нар нь төвлөрчихсөн бага гүрэнд их сургууль бүр дээр (зарим хувийн дээд сургуульд ч байдаг бололтой) байгаа эрдмийн зэрэг олгох зөвлөлийн давхацлыг арилгаж, үнэнхүү дээд шатны аттестатчлал хийх чадвартай мэргэжлийн цөөхөн эрдмийн зөвлөлийг батлаж ажиллуулах замаар цэгцлэх цаг болсон байна.
2. БСШУЯам, Монголын ШУА хамтарч шинжлэх ухаан, техникийн ухааны мэргэжлийн тайлбарыг ангилан гаргаж мөрдүүлэх шаардлага гарна, үүнийг анхааралдаа авах байх аа.
3. Өнөөдрийн докторантур гэж нэрлэсэн аспирантурын төвшингийн дэд доктор буюу дэд эрдэмтний мэргэжлийн мэдлэгийг шалгах дэд докторын (эрдэмтний) шалгалтын программын асуудал хөндөгдөхгүй үлдэж болохгүй.
4. Эрдмийн хүрээлэн, их сургуулиудыг, ялангуяа дээд боловсролын тухай хуулиар зөвшөөрөгдөж үйл ажиллагаа явуулж буй төрийн ба төрийнбус өмчийн бүх их (дээд) сургууль, коллежийг зиндаачлах аттестатчлал хийж эрдмийн зэрэг хамгаалуулах эрх зүйн асуудлыг тодруулах шаардлага гарч байна. Зиндааг (рейтинг)-ийг тогтоохдоо их сургууль, эрдмийн хүрээлэнгүүд эрдмийн зэрэг цол олгох хэдэн зөвлөлтэй юм гэдгээр нь бус, харин хичнээн багш, эрдэм шинжилгээний ажилтан улсын энэ системийн шинэчилсэн журмаар боловсролын дээд сургалтад орж ямар зэргийг хамгаалсан бэ гэдэг үнэлүүрээр дүгнэж үнэлэх хэрэгтэй болгох нь хэрэгтэй байх аа. Хичнээн эрдэмтэн багш нар боловсролын дээд шатны сургалтад, Эрдмийн дээд цэцийн үйл ажиллагаанд, эрдмийн зэрэг олгох зөвлөлүүдэд орж хэр зэрэг идэвхтэй үйл акиллагаатайгаар оролцож байгааг юуны түрүүнд хэмжүүр болгон авч үзэх шаардлага байж болно байхаа.
5. Профессор ба дэд профессор цолыг олгох нэгдсэн журамгүй, дуртай сургууль өөрөө мэдэж энэ цолыг олгож байгаа, үүнээс бий болсон олон цолтны зиндааг тодорхойлох аттестатчлал хийх шаардлага гарах байх. Аливаа бүтээл, нийтлэл дээр болон албан бичиг баримтан дээр эрдмийн зэрэг ба цолоо илэрхийлж бичих тохиолдол бүрийд «дэд» гэдэг тодотгол тодорхойлолтыг заавал хэрэглэдэг, бичдэг журмыг бий болгоё. Ер нь доцент гэдэг цол их дээд сургуулийн эрдэмтэн багш нарт дээд боловсролын сургалтад оролцсоны төлөө олгодог дээд цол болж анх гарч ирсэн түүх байдаг, тэгээд ч аль нэг үндэстний хэлний нэрийг авахгүй эртний латин хэлний «Докентис» гэдэг үгийг авч дэд эрдмийн зиндааныханд олгож байсан байна, одоо ч дэлхийн зарим том гүрнүүд хэрэглэсээр байна. Манайхан л хууль боловсруулахдаа «орос үг» байна гэж «гадуурхаад» хасчихсанаар «дэд профессор» гэдэг нэршил гарч ирсэн юм.
Харин профессор хэмээх олон улсын хүндтэй цолыг эрдмийн ажил хийж, шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалж, үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн багш нар, дээд боловсролын сургалтад идэвхтэй оролцдог эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны докторуудад олгож байсан, гадаад улсуудад ч одоо хэр зөвшөөрөгдсөн энэхүү дэг жаягийг анхаарч Монгол Улсад дэлхийн зиндааны профессор цолыг хаанаас олгож байхыг, их дээд сургуульдаа багшилж байгаа эрдэмтэн багш нарт уг сургуульдаа тодорхой албан тушаалын ажил    эрхэлж байгаа үеийн профессорын орон тоог бий болгох эсэхийг нягтлан үзэж тодорхой эрх зүйн актаар зохицуулдаг журам гаргах асуудлыг бодолцох зүйлийн нэг болсон биш байгаа гэж бодогдож байна.
Миний саналыг хуваалцах эрдэмтэд байгаа байх, эс хуваалцаж үл зөвшөөрөх хүмүүс ч байж болно, олон ургальч үзэл бодлоор бодитой оршиж буй нэг үнэний төлөө хамтдаа хэлэлцэж шинжлэх ухаан, дээд боловсролын сургалтыг гацаанаас гаргах, дээд боловсролыг бизнесийн хэрэглүүр болгосон өнөөгийн байдлаас гаргах арга замыг «ядуу» ардууд олонтой Монгол Улсад үр хүүхдээ сургахад ашиглах арга мөн үү, үгүй юу гэдгийн талаар ч гэсэн саналаа солилцоход зориулж энэхүү өгүүллийг бичсэнийг минь болгоон үзэх байхаа гэж уншигч танаас хүсч байгаагаа энэ ялдамд өгүүльюу.

Г.ЭРДЭНЭЖАВ (Биологийн ба Хөдөө аж ахуйн ухааны дохтор, профессор)


 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш