logo
Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах ажил эхлүүлнэ

Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах ажил эхлүүлнэ

2013/02/04

 

Засгийн газрын өнөөдрийн /2013-02-02/ хурлаар монгол хэлбичгийн боловсролыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцэж, Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Монгол хэлний үгийн санд гадаадын үг хэллэг олон нэвтэрч, монгол хэлний үсгийн дүрмийн талаарх ойлголт зөрүүтэй болж, орчуулгын зохиолын чанар чансаа суларч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, албан бичигт утга зохиолын хэлний найруулгын хэм хэмжээ алдагдсаар байна. Боловсрол, шинжлэх ухааны яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн онд сурагчдаас монгол хэлний түвшин тогтоох шалгалт авахад эх хэлний боловсролын стандартын биелэлт 33 хувьтай гарчээ.

Монгол хэлээрээ зөв оновчтой ярих, найруулан бичих, цээжилж тогтоох, бодол санаагаа яруу илэрхийлэх чадвар манай хүүхэд залууст дутмаг байгааг энэ дүн харуулсан юм. Нөгөө талаар монгол хэл, уран зохиолын хичээлийн чанар, агуулга стандарт өнөөгийн нөхцөл, шаардлага хангахгүй байгаагийн илэрхийлэл гэж салбарынхан дүгнэжээ. 

Дэлхий дээр амьдарч буй 10 гаруй монгол угсаатны зургаан сая нь монгол хэлээр ярьдаг, түүний цөм болсон гурван сая хүрэхгүй монголчуудын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, улмаар эх хэлний дархлааг сайжруулах шаардлага тулгарсан энэ үед Засгийн газрын түвшинд уг асуудлыг авч хэлэлцээд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа. Тухайлбал, бага насны хүүхдийн эх хэлний үгийн сангийн нөөцийг сонирхолтой арга хэлбэрээр нэмэгдүүлэх аргачлал нэвтрүүлэх, бүх шатны сургалтын хөтөлбөрт монгол хэлний хичээлийг заавал судлах хичээлээр оруулах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам гарган хэрэгжүүлэх, монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичиг шинэчлэн гаргаж бүх нийтээр мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг үүрэг чиглэл багтлаа. Үүнээс гадна төрийн албанд шинээр зарласан ажлын байрны тодорхойлолтод монгол хэлбичгийн мэдлэгийн түвшинг үнэлэх ур чадварын шаардлага нэмж тусгахыг Төсвийн шууд захирагчдад, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдүүлж, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, давтан сургалтад хамруулахыг сайд, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Эх хэлээрээ зөв ярьж, бичих чадварыг сайжруулахад нөлөөлөх гол хүчин зүйл болсон хэвлэл, мэдээллийн байгууллагуудад ч зөвлөмж өглөө. Мэдээ, нэвтрүүлэг, зар сурталчилгааг монгол кирил бичгийн үсгийн дүрмийн шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд нийцүүлэн олон нийтэд хүргэж байхыг тухайн байгууллагын удирдлага, ажилтнуудад зөвлөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш