logo
Н.Алтанхуяг: Шуурхай ажиллаж, олон улсын стандартад нийцсэн техник технологи нэвтрүүлэх хэрэгтэй

Н.Алтанхуяг: Шуурхай ажиллаж, олон улсын стандартад нийцсэн техник технологи нэвтрүүлэх хэрэгтэй

2013/02/04

Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарт тав дахь өдрөө ажиллаж, энэ удаад Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон хуучин нэрээр Цэргийн клиникийн төв госпитальд очлоо.  Засгийн газрын 2012 оны 122 дугаар тогтоолоор тусгай зориулалтаар төрөлжсөн тус хоёр эмнэлгийг нэгтгэхээр шийдвэрлэсэн. Тогтоол гарснаас хойшхи хоёр сарын хугацаанд дээрх эмнэлгүүдийн нэгтгэлийг эсэргүүцсэн маргаан мэтгэлцээн гарч, олон нийтэд төөрөгдөл үүсгээд байсан тул энэ асуудалтай Ерөнхий сайд биечлэн танилцсан юм.  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад 10 гаруй тэрбум төгрөг, тоног төхөөрөмжид 30 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоотой байсан. Харин Цэргийн клиникийн төв госпиталийн өргөтгөлийн гурван барилгад 17 тэрбум, тоног төхөөрөмж болон тавилга хэрэгсэлд 55 тэрбум, нийт 72 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гарган шийдвэрлэхээр болсон. Ийнхүү нэг чиглэлийн хоёр эмнэлэгт тус тусад нь хөрөнгө үрэх шаардлагагүй, харин үр ашгийг нь дээшлүүлэх нь зүйтэй гэж үзэн Засгийн газраас нэгтгэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр өдөрт 5000 хүртэл хүн хүлээн авах боломжтой болж, хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэхийн зэрэгцээ өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг нэг газарт төвлөрөн илүү чанартай үйлчилгээ бүхий томоохон төрөлжсөн эмнэлэг бий болно. 

Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрөгч сарын сүүлчээр бүтэц, зохион байгуулалтаа Батлан хамгаалах болон Хууль зүйн сайдын тушаалын дагуу шинэчлэн бүрдүүлж, өдгөө “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаагаа нэг удирдлага дор нэгтгэн оруулжээ. Ингэхдээ ямар нэг халаа сэлгээ хийгээгүй, нөгөө эмнэлгээс 239 хүн шилжин ирснийг бүрэн томилж, хоёр эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн нийт 685 ажилтанг ажилд нь оруулаад байгааг удирдлагууд нь хэлсэн. Ингэснээр 700 шахам ажилтантай тусгай зориулалтын төв эмнэлэг бий болоод байгаа  ба  өргөтгөлийн барилгын эхний хоёр нь энэ оны 12 дугаар сард ашиглалтад орно. 

Өнөөдрийн байдлаар тус нэгдсэн эмнэлэг зөвхөн цэргийнхэнд биш тодорхой чиглэлүүдээр энгийн иргэдэд үйлчилж, эрүүл мэндийн салбарын ачааг үүрэлцэж байгаагаа Ерөнхий сайдад дуулгасан. Эмнэлгийн нийт ачааллын ердөө 30 хувийг цэргийн салбарынхан эзэлдэг бөгөөд энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцогчдын үзлэг шинжилгээ, цэргийн албан хаагч, үүрэгтнүүдэд хуулийн дагуу жилд нэг удаа хийдэг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг энд хийдэг байна. Үүний зэрэгцээ харъяаллын дагуу Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үзүүлдэг бөгөөд хутга мэс, галт зэвсэгтэй холбоотой гэмтлийг нийслэлийн хэмжээнд, хордлогын эмчилгээг улсын хэмжээнд зөвхөн тус эмнэлэгт хийдэг аж. 

 

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна байгалийн болон нийтийг хамарсан гамшиг ослын үед яаралтай тусламжийг дайчилгаагаар шуурхай зохион байгуулах үүрэгтэй, өөрөөр хэлбэл бэлэн байдлын дээд зэрэгт ажиллах тус эмнэлэгт шинээр авах тоног төхөөрөмжүүд дүүргийн жирийн эмнэлгийнхээс хэрхэн ялгагдаж, тусгай зориулалтын эмнэлгийн олон улсын стандарт шаардлагад ямар түвшинд нийцүүлэхээр ажиллаж буйг Ерөнхий сайд тодруулан асуусан. 

Эмнэлгийн удирдлагын зүгээс шинээр авах тоног төхөөрөмжүүдийг цэргийн тусгай зориулалтад нийцүүлэн шинэчилж байгаа хэмээн тайлбарлалаа. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хувьд, өмнө захиалсан тоног төхөөрөмж нь тусгай зориулалтын гэхээсээ сувиллын чанартай эмнэлгийнх байсан зэргийг засч залруулан ажиллаж байгаагаа Ерөнхий сайдад дуулгасан юм. Мөн хилийн орчимд гэмтэл авсан цэргийн үүрэгтэнд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй болоход нисдэг тэрэг байхгүйн улмаас ОХУ-аас тусламж авч иргэнийхээ амь насыг аварч байсан тухай жишээ татаж, дээрх хоёр эмнэлэг ямар ч уялдаагүй ажиллаж байгааг нэг удирдлагад оруулах, нэгтгэн зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байсныг Х.Тэмүүжин сайд мөн тайлбарласан. 

Улсын төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө гарган шинэчлэл хийснээр улс орныхоо аль ч өнцөг буланд шуурхай очиж, гэмтсэн цэргийн үүрэгтний амийг аврахаас гадна цэргийн зориулалтын эмнэлгийн олон улсын стандартад нийцсэн орчин үеийн техник технологи нэвтрүүлэх ёстойг уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг салбарынханд дахин сануулан хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш