logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэмтэл, эх нялхсын эмнэлгийн эмч ажилтнуудтай уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэмтэл, эх нялхсын эмнэлгийн эмч ажилтнуудтай уулзлаа

2013/02/04
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдрүүдэд  эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч ажиллаж буй. Энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх зорилгоор эмч, ажилчдын үгийг сонсож, тулгарсан олон асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх гарц хайж буй Ерөнхий сайдын уулзалт Гэмтэл согогийг сэргээх үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хоёрдугаар сарын 3-ны энэ ням гаригт үргэлжиллээ. 

Эмч нар уулзалтын үеэр иргэдийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг дутмаг, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлдэггүйг шүүмжлээд энэ талаар мэдлэг, мэдээлэл авах сургалт, сурталчилгааг хангалттай явуулах шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаж, сургуулийн эмч нар энэ тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Тухайлбал, ГССҮТ-д 20 цагаас хойш гэмтэж бэртсэн иргэд олноор ирдэг, энэ үед эмч нар бараг дайны байдалд ажилладаг. Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн маргаан, зодоон нь иргэдийг энд ирэхэд хүргэдэг байна. Өглөө эмчлүүлээд гарсан өвчтөн орой дахин бэртээд ирэх тохиолдол ч байдаг бөгөөд энэ нь эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүйгээс иргэд эрүүл мэнддээ хайхрамжгүй ханддаг гэсэн тайлбарыг хэлэхэд хүргэж байгаа юм. Энэ асуудал ЭХЭМҮТ-ийн эмч нартай уулзахад ч мөн хөндөгдөж байлаа. 

ГССҮТ-д өнгөрсөн жил 77 мянга гаруй өвчтөн эмчлүүлснээс 60 гаруй хувь нь нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах учиртай хүмүүс байсан. Гэтэл тогтолцоо буруу байгаагаас гараа шалбалсан, гараа хугалсан хоёр хоёул гуравдугаар шатлалын энэ эмнэлэгт ирдэг байна. Энэ асуудалд анхаарахаа Ерөнхий сайд хэлээд өрхийн болоод дүүргийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлдэг хэсэг байгуулах нь зөв. Зарим шаардлагатай тоног төхөөрөмж байрлуулж, эмч нарыг сургалтад хамруулж арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Ингэсэн тохиолдолд эмч нар гуравдугаар шатлалынхаа үйлчилгээг жинхэнэ утгаар нь үзүүлэх бөгөөд лазер, дурангийн мэс ажилбартаа анхаарч ажиллах боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. 

Өнгөрсөн 12 дугаар сарын 29-өөс нэгдүгээр сарын 09-ний 10-хан хоногт тус эмнэлэгт явганаас халтирч бэртсэн 1500 хүн эмчлүүлжээ. Халтиргаатай зам болоод байгууллага аж ахуйн нэгж, дэлгүүр хоршооны гаднах талбайг гялтгар өнгөт хавтангаар хийсэн нь иргэдийг ийм байдалд хүргэсэн нь судалгаагаар нотлогдсон байна. Тиймээс ирэх жилд ийм байдал дахин гаргахгүй байх талаас нь урин дулаан цагт онцгой анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт Ерөнхий сайд үүрэг болголоо.

ГССҮТ-ийн эмч нарын хэлсэн бас нэгэн санал нь тус эмнэлгийг тойрсон газрын маргаан байлаа. Энэ маргаанд цэг тавьж, яаралтай шийдвэрлэж, цэгцлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад энэ үеэр даалгалаа. 

Хийснээрээ, гүйцэтгэлээрээ цалинждаг тогтолцоо хэрэгтэй байна гэсэн саналыг эмч, сувилагч нар тавьж буй бөгөөд энэ асуудлыг даатгалын системд зохицуулалт хийж, хэрэгжүүлэх боломжтой. Засгийн газар анхаарч байгаа гэж Ерөнхий сайд ярилаа.  

Хөдөө, орон нутгаас ирсэн иргэдийг харъяалал биш гэсэн шалтгаанаар нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд хүлээж авдаггүй. Тиймээс энэ хүмүүс бүгд гуравдугаар шатлалын эдгээр эмнэлэгт ханддаг буруу тогтолцоо байгаа бөгөөд түр оршин сууж байгаа хаягаар нь өрхийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй гэдэгт эмч нар санал нэгдлээ. 

ЭХЭМҮТ-д өнгөрсөн жил 37 мянган хүн хэвтэн эмчлүүлсний 36 хувь нь орон нутгийн иргэд. Аймаг, орон нутагт оношилгооны төв байгуулж, нэгдсэн эмнэлгийнх нь чадавхийг нэмэгдүүлчихвэл Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөн багасах болоод иргэдээс гарах зардал, хүндрэл багасах чухал ач холбогдолтойг эмч нар хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш